Бодлогын цикл 15 жил байдаг! МУ одоо Утаа 1.0 бодлогоо дүгнэж дуусгаад, Утаа 2.0 бодлогоо зарлах хэрэгтэй!
Монгол Улс 30 жил хөгжсөн гэдэг нь улс орноороо 2 бодлогын циклийг дүүргэсэн гэсэн үг. Уг нь 15 жил нь дотроо 3 жил тутам шаардлага тавьж ажил сайжруулаад, түүнийг 5 шатлал ахиулаад, нийт 3×5=15 жил болдог.
5 шатлал нь дараах байдалтай байж болно:
– Эхлээд бодлого тодорхойлогчид ажлаа хийхэд эхний 3 жил,
– Дараа нь зохицуулалтын байгууллагууд нэг зангидсан гар дор дараагийн 3 жил ажлууд хэрэгжүүлэх, талуудыг сургаж хөгжүүлэх, бодит дэд бүтэц техникээ шийдэх зэргээр өнгөрүүлнэ,
– Цаашлаад хэрэглэгч болон иргэддээ дараагийн 3 жилд хүрнэ, ингэхдээ хамгийн их хохирогч бүлгээс, хотын хэмжээний эмзэг цэгүүдэд анхаарч, мөн хамгийн их хөрөнгө зарцуулж чадах том байгууллага, тэдний худалдан авалтын шалгуур ба ханган нийлүүлэгчдэд шаардлага тавьж эхэлнэ,
– Үүний дараагийн 3 жилд, иргэд байгууллагуудын хамрах хүрээг өргөтгөж, томоос гадна дунд түвшний байгууллагуудад шаардлага тавих, иргэдийн хувьд хотын хамгийн эмзэг цэгээс гадна бүх дүүргүүд рүү хүрч эхлэх,
– Сүүлийн 3 жилд жижиг байгууллагуудыг хамрах, дүүрэг доторх бүх хороодын хамруулах замаар өргөжүүлнэ.
Ингээд Бодлогын 1 цикл буюу 15 жил өнгөрсөн бол бүх байгууллага, хүнд хүрэхүйц хэмжээний өөрчлөлт бүх нийтээр мэдэгдэж эхэлсэн байвал үр дүнтэй гэж үзнэ.
Дараагийн 15 жил буюу Бодлогын 2 дахь циклд эхний үр дүнг чамбайруулах, алдаа оноогоо дүгнэж, стандарт шаардлага шалгуураа чангалах, анхны 1.0 циклд олдоцгүй байсан нөөцүүдээ шийдсэн байх, хэрэгжүүлэлтэнд оруулах зэргээр нэмж хүч түрээд явдаг.
Чанар 4.0, Чанар 5.0 гэж Америк зарлаж байгаа нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого 4 дэх 15 жил, 5 дахь 15 жилд яваа гэсэн үг. Энэ үе шат бүрт түвшин ахиад явж байна гэсэн үг. Тиймээс бид одоо Утаа 1.0 дууссан бол сонсголоо үр дүнд хүргэж, Утаа 2.0 бодлогоо боловсруулах, өмнөх бодлогын алдааг арилгах шийдэл бүрийг “Стратеги, тактик, үйл ажиллагаа” гэсэн 3 түвшинд ялгаж томъёолмоор байна.
Төлөвлөлт, шийдэл өөрөө дотроо олон өөр түвшинтэй, эзэн хариуцагч болоод хамрах хүрээ нь өөр. Гэтэл “түлш, зуух” гэдэг нэг үйл ажиллагааны жижигхэн шийдлийг л ‘стратеги’ юм шиг ярьж, хольсоор л байна.
МУ-н асуудал бүрийн шийдлийг одоо Чанар 5.0, Утаа 2.0, Түгжрэл 2.0, Хот 3.0 гэхчлэн түвшингээр нь ярьж сурмаар байна. Үр дүнг нь мэргэжлийн байгууллагууд хэмждэг, аудитаар нотолсон дата-г л ярьдаг, ЗГ-н хөтөлбөр төслийг ч гэсэн мэргэжлийн хүмүүсээр бичүүлж боловсруулмаар байна аа, логик алдаатай & хэмжих үзүүлэлт, хүрэх үр дүн нь SMART биш тунхаг шинжтэй ерөнхий бичиг гаргаад байхаар яаж ч хэрэгжих вэ дээ. “2050 хөтөлбөр” биш, “Асуудал 3.0, Асуудал 4.0” цикл гээд яриад сууж баймаар байна аа.
Зураг: Сангийн яамны Бодлогын мөчлөгийн тайлангийн маягтаас авав. Сонсгол хийхдээ ч гэсэн Бодлогын мөчлөгийн энэ дэс дарааллаар, мөчлөгийн үе шат тус бүрийн үр нөлөөг хэмжиж, дүгнэж яримаар байна!
