Энэхүү подкастын дөрөв дэх дугаарт Олон улсын эко тэмдгийн сүлжээ (Global Ecolabelling Network) байгууллагын Нарийн бичгийн дарга Гарет Жонстон оролцлоо. Тэрбээр улс орнуудын Засгийн газрууд, бодлого тодорхойлогч нарт тогтвортой хөгжлийн бодлого, стандартчлалын чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан туршлагатай олон улсын экспертүүдийн нэг юм.
The fourth episode of this podcast features Gareth Johnston, the Secretary General of the Global Ecolabelling Network. He is a highly experienced and internationally renowned expert who has advised governments and policymakers worldwide on sustainable development policies and standardization.
GEN Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарет Жонстонтой хийсэн ярилцлагаа товчлон хүргэвэл:
1] Эко тэмдгийн тухай:
– Тэрээр Глобал Эко Тэмдэгжүүлэлтийн Сүлжээ (GEN) хэмээх олон улсын байгууллагад ажилладаг, тус байгууллага нь 40 орны 60 гишүүн байгууллагатай ба гишүүдийн 60-с дээш хувь нь улс орнуудын Засгийн Газар байдаг. Энэ нь сайн дурын төрийн бус байгууллага боловч нийгэм, байгаль орчныг хамгаалах системийг бүрдүүлэхэд тусалдаг.
– Монгол Улс эко тэмдэгжүүлэлтийн тогтолцоо бүрдүүлэх гэж буй учир олон улсын туршлага хуваалцсан болно. Засгийн Газар, хэрэглэгчид, үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон аливаа бүтээгдэхүүний амьдралын мөчлөгт оролцдог бүхий л талууд үүнд оролцдог. Хамгийн гол нь хөндлөнгийн баталгаажуулалтанд суурилан үнэлгээ хийгдсэний үндсэн дээр байгальд ээлтэй технологи, байгалийн нөөцийг хэмнэсэн болон нийгэмд тустай үйл ажиллагаа эрхэлсэн байгууллагуудад тэмдэг, баталгаажуулалт олгоно.
– Эко Тэмдэг нь бүх салбарыг хамарсан, олон төрлийнх байдаг бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын аль ч элементэд шалгуур тогтоон ашиглаж болдог. Энэ нь МУ-н хувьд бүх иргэдэд хамааралтай нэгдсэн ашиг сонирхлын төлөө үйлчлэх ёстой юм. Тухайлбал, манай улсын хувьд агаарын бохирдол, хөрсний талхлалт ба цөлжилт, хотын түгжрэл, замын аюулгүй байдал гэх мэт багтаж болно.
– Дэлхий даяар тогтортой хөгжлийн шаардлагуудыг бүхий л талаар чангатган, аливаа олон улсын худалдаанд оролцохын тулд байгальд ээлтэй, хүнд болон нийгэмд ээлтэй гэдгээ нотолсон тохиолдолд олон улсын хэлэлцээрт нэгдэх, гадаад улсад бүтээгдэхүүнээ экспортлох, хамтран ажиллах боломжтой болж байна.
Тухайлбал, МУ ноос ноолууран бүтээгдэхүүнээ Европын Холбооны зах зээлд гаргахыг хүсч байвал 2024 онд шинээр батлагдсан Европын холбооны эко тэмдэгжүүлэлтийн тухай хуулийн шаардлагын дагуу эко тэмдэгтэй болохгүй бол шаардлага хангахгүй болж байна. Органик тэмдгийг хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд олгодог боловч энэ нь зөвхөн тухайн бүтээгдэхүүний орц найрлагад анхаардаг, эко тэмдгийн нэгэн төрөл бөгөөд том дүр зургаараа бүхий л үе шатанд эко байж чадаагүй бол органик тэмдэгтэй байгаад ч борлуулагдахад хүндрэлтэй болж байгаа. Ирэх жилүүдэд шаардлага улам л чангарна.
Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай тухайн бүтээгдэхүүнийг газар тариалан эсвэл мал аж ахуйн бэлтгэн нийлүүлэлтийн шатанд хэрхэн байгаль орчин сүйтгэхгүй байдлаар боловсруулан бэлтгэсэн, орон нутгийн иргэдийн санхүүг хэрхэн дэмжсэн, үйлдвэрт шилжсэний дараах боловсруулалтын шатанд үйлдвэрийн тог усны хэрэглээг хэмнэсэн үү, хэрэглэгчийн гар дээр очсоны дараа ус тог хэмнэх эсэх, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, цалин хөлс гэхчлэн асуудалд шударга нөхцөлөөр ажиллуулсан эсэх, бүтээгдэхүүний сав баглаа боодол, хадгалалт тээвэрлэлт болон борлуулалтын явцуудад хэрхэн эко байх шаардлагыг хангаж байгаа зэрэг мэдээллийг цогцоор нь бүрдүүлсэнээр, эко тэмдэг авах боломжтой юм.
Иймд, гадна талдаа сайхан уриа лоозон танилцуулсан боловч хүүхдийн хөдөлмөр эрхлүүлдэг, ажилтныхаа аюулгүй байдлыг хангадаггүй, эсвэл хаягдал усаа дахин ашигладаггүй, цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийдэггүй байгууллагууд цаашид зах зээлээс шахагдах юм.
2] Эко тэмдэг юунд хэрэглэгдэх вэ?
Эко тэмдэг бий болгох замаар улс орнууд эдийн засгийг солонгоруулах бодлогоо хэрэгжүүлдэг бөгөөд бодлогын нэг хэрэгсэл болгон энэ системийг ашигладаг. Зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, юуг хязгаарлах вэ гэдгийг шалгуурыг танилцуулах, өөрчилж явах замаар тохируулна. Шалгуур хангахгүй байгаа бүтээгдэхүүний борлуулалт, бэлтгэл хязгаарлагдах нь дамжиггүй.
Тухайлбал, дэлхий даяар хүрэн түлш буюу нүүрсний хэрэглээнд суурилсан дулаан үйлдвэрлэлээс татгалзаж байгаа энэ үед нүүрс бол МУ-н цаашдын стратеги биш. Удахгүй нүүрс зарагдахаа болих ба эдийн засагт том нөлөө үзүүлж эхэлнэ. Тиймээс хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах шалгуур буюу эко тэмдгийг МУ гаргаж, хамгийн их бохирдуулалт үүсгэдэг үйлдвэр, үйл ажиллагаатай байгууллагаас шаардаж эхэлж болно.
3] Барилгын салбар дахь Эко тэмдэг
Энэтхэг Улсыг дурдаж болно. Саяхан Гарет тус улсад зочилж, Засгийн Газрын худалдан авалтын бүх түвшинд хэрхэн “Ногоон Худалдан Авалтын Бодлого” хэрэгжүүлж буйтай танилцсан. Тэд Азийн хамгийн том ногоон худалдан авалтын арга хэмжээг саяхан зохион байгуулсан юм л даа. Тэд Барилгын салбараасаа эко тэмдэгжүүлэлтийн бодлогыг баримталж эхэлсэн ба одоогоор тус улсын барилгын салбарын нийт оролцогчдын 91% нь эко тэмдэг авсан явж байна. Барилгын бүх материал эко тэмдэг авсан байх, барилга байгууламжууд эко үйл ажиллагаатай гэдгээ нотолсон байх, барилга хуучирч муудсан эсвэл засварлагдах хэрэгтэй болсон үед гардаг хог хаягдлуудыг нь байгальд ээлтэй байдлаар дахин боловсруулах зэргээр бүхий л салбарыг хамарсан. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ ба засвар, аж ахуйн ажлууд болон цемент, бетон зуурмаг, арматур, хэв хашмал, засал чимэглэлийн зориулалттай бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт ба түрээсийн үйлчилгээ бүгд эко тэмдгийн шаардлага хангасан байна.
Эко тэмдэгтэй болсоноор тухайн хөрөнгийн насжилт болон чанарт эерэг үзүүлэлт гарч, хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиггүй зардал болон хэрэглэгчийн гар дээр очсоны дараах хохирол, нэмэлт зардлууд багассан. Хамгийн чухал нь бидний өдөр тутмын амьдрал, ажил барилга байшин дотор өрнөдөг тул иргэд аюулгүй, эрүүл орчинд амьдарч чаддаг болж байгаа нь нийгмийн үр нөлөө юм.
Иймд, Монгол Улсын хувьд маш олон боломж өмнө дурайж байна. Аль салбараас, аль бүтээгдэхүүнээс эхлэх, юуг өөрчлөх вэ гэдгийг шийдэх алтан үе юм. Улс орон бүрт Ногоон Барилгын Зөвлөл хэлбэртэй байгууллагууд энэ жишгээр бий болж, эрчим хүч, ус, түүхий эдийн хэрэглээ болон барилгын материалаас хүмүүсийн амьсгалдаг агаар орчинд ялгаруулдаг үнэр, тоосжилт зэрэг хоруу чанартай бодисыг хязгаарласан эко тэмдгийн стандартууд гаргасан. Мөн барилгын дизайнд ч шаардлага тавьдаг. Европ ба Австрали тухайлбал барилгад мод, дүнзний хэрэглээг эргэн авчирч байгаа ба дүнзээр олон давхар тэнгэр баганадсан оффисын барилгууд ч барьж байна. Зарим тохиолдолд дахин ашиглаж буй дүнз ч хэрэглэгдэж, тэр нь модны хаягдал гаргахгүй эко гүйцэтгэл гэдэгт тооцогдоно.
Барилга дотор ашигладаг хана, таазны хийц нь өөрөө дахин ашиглагддаг материалаас бүрдэх, байгальд био задралд ордог орцтой байх, засвар хийхийг хүсвэл салгаж угсарч болдог хийцтэй тул хуучных шиг тоосгон хана нураах албагүй байх зэргээр хийц, процесст нь өөрчлөлт орж байна. Байрныхаа өрөөнүүдийг ч уйдсан үедээ салгаад, өөрөөр угсарч залгаад, зохион байгуулалтаа өөрчлөөд байж болно гэсэн үг. Европын Холбоо нь барилгын насжилт, аюулгүй задардаг материалтай байх, салгаж угсарч болдог хийцийн талаар хуулийн шаардлагаа танилцуулж байна. Жишээ нь, Монгол гэр өөрөө салгаж, угсарч болдог хийцтэй шүү дээ, эко тэмдгийн нэг шаардлагыг хангасан сууц байгаа юм. Чингис Хааны удирдсан Монгол Улс тогтвортой амьдралын хэв маягаараа гайхалтай байсан.
4] Уул уурхайн салбар дахь Эко тэмдэг
– Дэлхий даяар эрдэнэсийг нь аваад, хар нүх үлдээдэг муу жишгээс татгалзаж, шилжилт хийж байна. Тухайлбал, нүүрс, газрын тос, байгалийн хий гэсэн түлшний уламжлалт гурван эх үүсвэрээс татгалзаж байна. Эдгээрийг бид хамтатган хүрэн түлш буюу fossil fuel гэж нэрлэдэг. Уурхайд ашиглагддаг эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах нь өөрөө агаар, хөрсийг бохирдуулахгүйгээс гадна газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, газрын гүний усны нөөцийг шавхахгүй байх, гадаргын гол усыг бохирдуулахгүй байх ач холбогдолтой.
– Хүнд үйлдвэрийн салбар дахь хий болон уурын хаягдлыг дахин ашиглах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, битүү эргэлттэй цемент, шохой, төмөрлөгийн гэх зэрэг үйлдвэрүүд ажиллаж байгаа нь эко тэмдэг авдаг сайн туршлага. Мөн баяжмалыг боловсруулах арга техникүүд нь хөрс, ус, агаар, мал амьтан, орон нутгийн иргэдэд хоргүй байх нь эко технологийг нотолж болно. Австрали Улс уул уурхайн салбараа нарны эрчим хүчний эх үүсвэрээр хангах талд маш их хөрөнгө оруулалт хийж, анхаарал тавьж байна.
5] Иргэдийн амьдрал эко, тогтвортой болж шилжих нь: Өрх гэрийн хэрэглээ
– Өрх гэр өөрөө хүрэн түлш ашигладаггүй болох, цахилгаан машин хэрэглэх, борооны болон үерийн усыг тосч, нөөцөлсөн усаараа мал аж ахуй, газар тариалангийн усалгааны хэрэгцээг хангах, ундны усаа гадаргын усыг цуглуулах байдлаар бүрдүүлэх (гүний худаг гаргахгүй), хүнс хувцасны хэрэглээгээ өрхийн мал аж ахуй ба газар тариалан, өрхийн фермээс хангах, гэрийнхээ дээвэр дээрх нарны панелаар гэрээ тог цахилгаантай, дулаан хангамжтай байлгах зэрэг нь өөрөө “тогтвортой” буюу “эко” амьдралын хэв маяг юм. Монгол Улс энэ тал дээр түүхийн баялаг туршлагатай улс. Орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаашид дан монгол гэрээр биш, магадгүй ийм тогтвортой технологиор хашаа байшингуудыг хөгжүүлж, өрх гэр бүл бие даан хөдөө нутагт амьдрах боломжтой болгох нь чухал.
– Австрали Улс ийм бодлого баримталдаг бөгөөд иргэдийн ихэнхи нь хотынхоо захад байшин хорооллын бүст амьдардаг ба нийтийн орон сууцнаас татгалздаг. Тэдгээр бүсийн айлууд өөрсдийгөө нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаар хангах, илүү үйлдвэрлэсэн эрчим хүчийг баттерейд цуглуулж, машин техник хэрэгслүүдээ ажиллуулах ч боломжтой. Одоогоор Австралийн нийт иргэдийн 50%-с дээш хувь нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд бүрэн шилжсэн. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж буй айлуудын зардалд Засгийн Газраас татаас өгч, дэмжиж байгаа. Дэлхийд нарны панелын хэрэглээгээр Австрали Улс тэргүүлж байна.
5] Иргэдийн амьдрал эко, тогтвортой болж шилжих нь: Хот байгуулалтын бодлого
– Эрчим хүчний эх үүсвэрээс гадна уур амьсгалын бүс тус бүрт ялгаатай барилгын стандарт мөрдөх нь их чухал. Учир нь хэдий нарны панелаар эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа ч түүнийгээ байшин доторх агаар сэрүүцүүлэгч залгахад ашиглаад байвал, маш чанаргүй зарцуулалт болох юм. Иймд, халуун орны уур амьсгалтай бүст хэрэглэх барилгын стандарт нь гаднах орчны халууныг дотор нэвтрүүлдэггүй дизайнтай байх нь чухал. Харин хүйтэн сэрүүн уур амьсгалтай бүсийн хувьд гаднах хүйтнийг гэрт оруулдаггүй, дулаалга сайтай боловч агаар сэлгэлт мөн сайн байх, дулаан алдалтгүй барилгын стандарттай байх нь чухал. Австралийн хуучин стандартууд барилгын ерөнхий норм нормативтай байсан бол сүүлд уур амьсгалын хувьд ялгаатай 6 бүс болгон, стандартыг нарийвчилсан. Одоо үүнийг 66 өөр төрлийн уур амьсгалын шаардлага болгон задалж байна. Энэ нь эрчим хүчний шилжилтийн бодлоготой нягт уялдаж байх хэрэгцээтэй.
– Монгол Улсын хувьд гэр хорооллын бүст ямар ч нэгдсэн бодлого төлөвлөлтгүй санагдлаа. Хотын төвийнхтэй адил гудамж, талбай, парк, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байхгүй. Харин Австрали Улс нь хот, дүүрэг, хороо, гудамж бүрийг хамарсан Төлөвлөлтийн тухай хуультай. Энэ хууль нь багц хуулиас бүрдэх бөгөөд аливаа хот, хотхоны иргэдийн амьдрах, алхах, машин унах, тоглох, амрах бүхий л хэрэгцээнд хүүхдийн аюулгүй байдал, хөгшин настай ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдлын шаардлагууд хуульчлагдсан байдаг нь Австралийн аль ч мужид, хотын төвд болон захад, хөдөө болон хотод, хаана ч хүн нэг л стандарт бүхий хот хотхон төлөвлөлт, зохион байгуулалттай байхад тусалдаг. Үүнийг хуульчлахгүйгээр хотын тогтвортой байдал, аюулгүй хот, ухаалаг хотын тухай ярих боломжгүй.
– Өөрийн хашаа байшин барих гэж буй айлуудад мод, дүнз зэрэг байгалийн материалаар хэрхэн хамгийн дулаан алдалтгүй, нарны гэрэл сайн ордог байшин барих вэ гэдэг загварчлалууд гарган хүргүүлж, зааж сургах боломж МУ-д байна. Ингэснээр байшингаа өөрөө барьдаг болон бусдаар бариулдаг зах зээлд стандарт тогтоно. Мөн хашаа барих бол хэрхэн гудамжлах вэ, гудамжны өргөн хэр байх вэ, хашаандаа мод зүлэг тарих шаардлага танилцуулах, гэх зэргээр. Нийгэмших, гэр хорооллын эсвэл хот тосгоны иргэд хоорондоо уулзаж, сайн туршлагаа хуваалцдаг байх орон зайг бодолцож, соёлын төвүүд, сургалт судалгааны цэгүүд, хороолол хотхон дундах дэд станцууд байгуулах, цахилгаан түгээлт, дулаан түгээлт, сэргээгдэх эрчим хүчний баттерейг тухайн бүс нутгийн иргэд ажиллуулдаг байх боломж олгох зэргээр ажлын байр нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө хангах чадвартай бүсүүдийг бий болгох хэрэгтэй.
Иргэд соён гэгээрч, суралцаж, хамтдаа амьдрах орчноо өөрчлөхгүйгээр бүх зүйлийг төр хийж өгнө гэж байхгүй шүү дээ. Төр харин энэ бодлогод чиглүүлж, сайн зохицуулалт хийх нь чухал.
Тухайлбал Австралийн хөдөө орон нутаг дахь алслагдмал байршилд амьдардаг айлууд борооны ус хуримтлуулдаг савтай байх, түүгээрээ усалгааны систем хийж, мод ногоо жимс тарьж худалдаалдаг байх, мал аж ахуй эрхэлдэг байх нь нийтлэг. Тэд нарны панелаар эрчим хүчээ үйлдвэрлэдэг ба байшин нь дулаан алдалтгүй пассив хаус байгаа тохиолдолд илүү гарсан эрчим хүчээ баттерейд хураан авч, түүнийгээ бусдад худалдах ч боломжтой, өөрсдөө ч хэрэглэх боломжтой болсон. Заримдаа айл бүр өөрийн дээвэр дээр жижиг нарны панел суулгах гэхээс илүү тухайн орон нутгийн айлууд нэгдэж, дундаа талбай гарган арай олон нарны панел суурилуулж, эрчим хүчээ үйлдвэрлэж, айл бүр лүү цахилгаан түгээх нь зардлын хувьд хямд тусдаг. Мөн айл бүр ус цуглуулах бассейнтай, эсвэл савтай байснаас, хот хотхондоо далан байгуулж, уулын болон голын үерийн усны илүүдлийг хадгалдаг хиймэл нуур байгуулж, тэндээсээ ойр хавийн айлуудын ундны ба ахуйн усны хэрэглээг хангадаг.
6] Тогтвортой хөгжлийн агуулгыг багтаасан Боловсролын Систем
– Иргэдэд ахуй амьдралдаа тогтвортой хэрэглээг чухалчлахын ач холбогдол, байгальд ээлтэй хэрэглээ рүү шилжих арга зүйн талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч байх нь маш чухал. Үүнгүйгээр, улс орон даяар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Иймдээ ч Засгийн Газрын хийж хэрэгжүүлдэг нэгэн цогц, чухал ажил бол хууль, журам батлахаас илүүтэй түүнийг таниулж, байгууллагуудад зарлан түгээх, сургалт зөвлөгөөгөөр хангах, иргэдэд байнгын мэдээлэл өгөх, хүүхэд залуусын боловсролын орчинд нь таниулалт хийх явдал байдаг.
– Иймдээ ч хүн болох багаасаа гэдэг учир цэцэрлэгийн наснаас, бага дунд дээд боловсролын сургуулиудаас эхлээд залуу үеэ бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр 20-50 жилийн дараа ямар нийгэм бий болгосон байхыг хүсч байна вэ, түүнд нийцсэн бодлогоо одооноос сургалтын хөтөлбөр, материалд шингээж, хэрхэн нарны панел гэртээ угсарч ашиглах вэ, хэрхэн дүнзээр байшин бариад, буцаж буулгаад байшин барьдаг вэ гэдэгт хүүхдүүд танил болох, цаашлаад сэргээгдэх ба сэргээсэн эрчим хүчний ялгааг бага сургуулиас нь эхлэн зааж өгдөг байх нь ирээдүйн иргэдээ бэлтгэж буй боловсролын салбарын бодлого.
7] Эко тэмдгийн 3 төрөл ба ашиглах хэрэгцээ
– ISO 14020 цуврал стандарт нь 1, 2, 3-р төрлийн эко тэмдэг санал болгодог. 1-р төрөл нь гурав дагч талаар баталгаажсан мэдээлэл өгөх бол 2-р төрөл нь байгууллага өөрөө өөрийгөө эко гэж зарлах тухай, 3-р төрөл нь худалдан авагч нь нийлүүлэгчийнхээ мэдээллийг шалгаж хүлээн авах тухай юм.
– GEN ба бусад олон улсын системүүд 1-р төрлийн эко тэмдэгт итгэнэ гэдгээ зарладаг. Ингэснээр дээр дурдсан асуудлуудыг шийдсэн салбарын байгууллагууд хэрхэн сайн гүйцэтгэл гаргасан болохоо хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, үнэн зөв мэдээлэл болох нь баталгаа, нотолгоотой гэж гэрчлэгдсэн тохиолдолд эко тэмдэг хэрэглэх эрхтэй болох юм.
– Ингэснээр гэр хорооллыг бие даасан дэд бүтцийн системтэй болгох, айлуудыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх, хотын авто машины түгжрэлийг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах, өвлийн агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлуудаа шийдвэрлэхэд тухайн асуудалд зориулсан гаргасан эко тэмдгийн шалгуур, баталгаажуулалтын тогтолцоог ашиглах нь зүйтэй юм.
8] Тогтвортой хөгжилд эко хэрэглээ яагаад чухал вэ?
– Тогтвортой хөгжинө гэдэг нь хувь хүн, айл өрх, хот айл болон хөршийн холбоод, СӨХ-үүд, баг хороогоороо, сум дүүргээрээ, хотоороо, цаашлаад улсаараа өөрийнхөө хэрэглээг хангаж чаддаг байх, ингэхдээ хүрээлэн буй орчноо бохирдуулдаггүй байх, нийгмийнхээ эд эс болсон иргэдийн бүлгийг нөгөө хэсэг нь хохироодоггүй байх, хамтдаа эрүүл жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхийг л хэлнэ. Үүнд төрийн байгууллага, хувийн байгууллагууд, иргэд бүгд хувь нэмэр оруулах учиртай. Ингэхдээ одоо амьдарч байгаа хүмүүсийн хэрэглээ нь ирээдүйд үр удмынхаа хэрэглэх байгалийн нөөцийг үрээд дууссан байж болохгүй. Ирээдүйн иргэд өөрсдийнхөө хэрэгцээг хангахад хангалттай нөөц боломжийг үлдээх учиртай.
– Иймд, өрхийн аж ахуй, бичил жижиг дунд бизнес, үйлдвэрүүд, худалдааны байгууллагууд, үйлчилгээний газрууд, дэд бүтэц, эрчим хүч, ус хангамж, барилга, уул уурхай, хот төлөвлөлт, хот байгуулалт, аж ахуйн үйлчилгээний гэхчлэн бидний эргэн тойрны бүхий л өмчийн хэлбэр, үйл ажиллагааны төрөл, салбар, чиглэл бүхий байгууллагуудад “Эко Тэмдэг”-р дамжуулан эко болж шилжих шаардлага тавих, сайн гүйцэтгэлтэйг нь урамшуулах, саар байгааг нь зах зээлээс шахах, бүх нийтэд ижил тэнцүү шаардлага тавьж, түүний үр өгөөжийг бүх нийтээрээ хүртдэг байх нь чухал. Ингээд улс бүр нийлж, энэ эх дэлхийдээ хүн төрөлхтөн бид тогтвортой оршин тогтнох юм.
9] Монголчуудад юу гэж зөвлөх вэ?
– Миний Монголд ирээд ажиглаж буй зүйл бол олон улсад сурч боловсорсон олон залуучууд ажиллаж байна. Тэд мэдлэг мэдээллийг тээн ирж, эх орондоо өөрчлөлтийг санаачилж байна. Тэд улам олноороо бодлогын түвшинд манлайлан оролцож, дэлхий нийтийн сайн жишгийг дагасан байдлаар улс орноо хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Энэ бол Монголын оюуны өв хөрөнгө.
– Монгол залуучууд тогтвортой хөгжлийн талаар сурч, мэдлэг олж авах хэрэгтэй. Олон үнэ төлбөргүй онлайн сургалтууд бий. Тухайлал, НҮБ (UN), IGS Japan (Япон), India (Энэтхэг)-н цахим сургалтууд дэлхий даяар хүртээмжтэй байгаа учир түүнд суралцаж, юуг яаж хийх аргаа суралцаасай. Цахимаар судалгааны тайлан, зөвлөмжүүдийг уншиж болно.
– Их сургуульд сурахаар төлөвлөж буй хүүхэд залуус шинжлэх ухааны чиглэлүүдээс мэргэжлээ сонгож, математикийн хичээлээ маш сайн хийгээрэй гэж захимаар байна. Математик бол бүхий л шинжлэх ухааны хаан бөгөөд хими, физик, алгебр, геометр зэрэг хичээлээ дунд сургуульд сайн хийвэл, Их Сургуульд элсэхдээ инженеринг, шинжлэх ухаан, технологи, математикийн чиглэлийн (STEM гэж олон улсад товчлогддог, Science, Technology, Engineering, and Mathematics гэсэн үгний товчлол) мэргэжил эзэмших боломжтой болно. Энэ бол залуу үе өөрчлөлт, бүтээн байгуулалт авч ирэх суурь шаардлага. STEM мэргэжлээр залуусыг олноор сургаж, тэтгэлэг олгож, сайн боловсрол олгох нь хөгжиж буй оронд зайлшгүй шаардлагатай өсөлт хөгжлийн эхлэл юм. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурагчдаа олноор илгээх хэрэгтэй.
– Цаашлаад дэлхийн томоохон судалгааны байгууллага, докторын зэрэг эзэмштэл сургах, тэдний диссертацийн ажлыг Монголынхоо салхитай бүст салхин парк байгуулах боломжийг судлах, уул усны тогтцыг судалж, хиймэл нуур байгуулах байршлуудыг тогтоолгох, хот төлөвлөлт ба байгуулалтыг шийдвэрлэх төслүүдийг тэднээр санаачлуулж, дэмжих, олон улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг залуучуудаараа босгуулах замаар одоогийн бодлого тодорхойлогчид залуу үеэ бэлтгэн оруулж ирж, тэдний хүчийг ашиглах хэрэгтэй.
– Жендрийн хувьд тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгмийн сайн сайхан байдлын төлөөх ажил мэргэжлүүдэд эмэгтэйчүүд дэлхий даяар манлайлж байна. Эрчүүд магадгүй уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа байх. Гэхдээ эмэгтэй хүн байгалиасаа мэдрэмж өндөртэй, бусдыг халамжлах инстинкттэй, нийгмийг мэдрэх, хүний болон нийгмийн өвдөлтийг анзаарах, эмчлэх хэрэгтэй цэгийг олж харах, анхаарах, өөрчлөлтийг түүнд чиглүүлэх талаар давуу талтай байдаг. Эрчүүд энэ талаар эмэгтэйчүүдээсээ суралцаж байна. Эмэгтэй лидерүүд бодлого тодорхойлох шатанд ажиллахаараа энэ асуудлуудыг хөндөж гарган ирж, эрх баригчдын анхаарлын төвд оруулж чаддаг, эерэг шийдвэрүүд гаргадаг. Тиймээс эмэгтэй удирдагчид олон болоосой! Хэрэв та эрэгтэй хүн байгаад энэ асуудалд анхаардаг, энэ салбарт ажилладаг бол босч дуугараарай, хувь нэмрээ оруулаарай, эх орныхоо төлөө эрслэн зүтгээрэй!