Хот байгуулалт, хотын менежмент, төвгазрын төлөвлөлт гэдэг сэдэв орчин үед дангаараа шинжлэх ухаан байхаа больж байна. Учир нь хүн амын төвлөрөл, нийгмийн аюулгүй байдал, олон хүний эрүүл мэнд, сайн сайхан байдал, сэтгэл ханамж гэдэг зүйл ганцхан хот төлөвлөлтөөс шалтгаалахаа больсон.
Менежментийн процесс: Хотын менежментийн бодлогын салбарт ‘Хотын загварчлал (urban design), хүн ба нийгмийн зан үйл (behaviour), замын хөдөлгөөний менежмент (pathways)’ багтана. Түүнчлэн ‘нийгмийн эрүүл мэнд, насжилт ба нас баралтын онцлог’ багтана.
Дэмжлэг: Эдгээр үзүүлэлт нийгэм- эдийн засаг, генетик, шим тэжээлийн суурь бодлого, хэрэгжүүлэлтээр дэмжигдэнэ.
Үндсэн үйл явц: Хот байгуулалт, хот төлөвлөлт, хотын менежмент талаасаа бодлогын элемент бүрийг дараах бүрдлийн дагуу бий болгож, удирдана. Үүнд:
- Хотын загварчлал (urban design):
- Хүн амын нягтаршил,
- Газрын холимог хэрэглээ ба биологийн олон янз байдлын оршин тогтнох орон зай,
- Юмс хоорондын зайн менежмент, загвар (архитектур, дизайн),
- Хүрэх газарт очиж болох замууд ба орц гарцууд,
- Хотхон, гудамж, айлууд ба замын холбоосууд,
- Тээврийн үйл ажиллагааны дэд бүтэц (нийтийн тээвэр, хүргэлт, гэх мэт),
- Явган алхах боломжтой орон зай ба явган хүний замууд,
- Дугуй унах боломж ба дугуйн замын хүртээмж тархац,
- Ногоон парк ба зүлэгжүүлсэн талбайн хүртээмж тархац зэргийг тус бүр төлөвлөж, тус тусад нь анхааран удирдана.
- Хүн ба нийгмийн зан үйл (behaviour):
- Хот иргэд нас, хүйс, боловсрол болон сонирхлын ангилал тус бүрээр цагаа дотор эсвэл гадаа өнгөрөөдөг байдал, дотор орчинд болон гадаа хийх боломжтой зүйлс,
- Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломж,
- Алхах, дугуй унах, машин унах, нийтийн тээврээр зорчих зэргийг сонгодог зан үйлийн өдөөгчид, нөхцөл байдлын нөлөөлөл, сонирхол ба групп тус бүрийн тусгай зан үйл зэргийг судалж,
- Оршин суух бүс нутаг тус бүрт иргэдийн зан үйлд тохирсон үйлчилгээ, сонголт, цагаа өнгөрөөх газрууд, сурч боловрох, ном унших, тоглох, хоолны газраар үйлчлүүлэх зэрэг хэрэгцээг хангаж өгөх төлөвлөлт, зохион байгуулалт хийнэ.
- Замын хөдөлгөөний менежмент (pathways):
- Орц гарцын ачаалал,
- Ачаалалтай төв замд нэвтрэх ба гарахад аюулгүй менежмент хийх,
- Хотхон дотор төв замгүй байх буюу айл өрхийн зам нь бизнесийн зориулалттай замаас тусдаа байх,
- Айлууд хоорондох гудамж ба төв замуудын шугам, хурдны зам, төмөр зам, метро,
- Авто замыг дугуйн болон явган замуудтай холбох хийгээд тусгаарлах,
- Агаар орчныг бохирдуулахгүйгээр хөдөлгөөний ачааллыг болон урсгалыг зохицуулах менежмент,
- Дуу чимээний бохирдлоос амьдрах бүсийг хамгаалах,
- Нарны хэт ягаан туяа ба цаг агаарын хүчин зүйлээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалж хангуулах,
- Түгжрэл ба стрессээс сэргийлэх,
- Нийгмийн үйлчилгээний цэгүүдэд хүргэх замууд,
- Зогсоолын менежмент, цагийн менежмент,
- Хүн эрүүл амьдралын хэв маягийг хангахын тулд хөдөлгөөн хийх боломжтой байхаар төлөвлөсөн дэд бүтэц, явган ба дугуйн зам,
- Биеийн тамирын талбай, тэжээвэр амьтан салхилуулах талбай, хүүхдийн тоглоомын талбай болон настнуудын нарлах алхах замын менежмент,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй замууд,
- Гэмт хэргээс сэргийлсэн гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт багтана.
- Нийгмийн эрүүл мэнд (morbidity):
- Архаг болон хүнд өвчний тархалт,
- Хүн амын ‘эрүүл мэндээр’ эмзэг бүлгүүдийн ангилал ба оршин суух байршлын тархалт,
- Мэдрэлийн эмгэгийн тархац ба мэдрэл хөгжүүлэх дэд бүтцийн байгууламжуудын хангалт,
- Хүүхэд залуучуудын танин мэдэх чадвар ба тэдгээрийг хөгжүүлэх дэд бүтцийн байгууламжуудын хангалт, хүүхэд орчноосоо амьдралыг танин мэдэж хөгжих боломж,
- Хорт хавдар ба хоргүй хавдрын тархалт, түүнд цацрагийн эх үүсвэр, хортой туяа, дууны бохирдол ба агаар ус хөрсний бохирдлын нөлөөлөл,
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал ба түүнийг бууруулах нийгмийн байгууламжууд,
- Анхаарал түгээх ба асрамж үйлчилгээ үзүүлэх төвүүдийн хүртээмж, нийгмийн аливаа цугларал ба нийгэмшлийг дэмжих төвүүдийн хүртээмж, хүн хоорондын амьд харилцааг дэмжих,
- Анагаах ба эмчлэн сувилах төвүүдийн хүртээмж,
- Зүрх судас ба амьсгалын замын эрхтэнүүдийн өвлөлийн тархац,
- Үйлчилгээний төвүүд, худалдааны төвүүд, соёлын төвүүдийн байршил, айл өрх бүрт хүртээмжтэй байдал, тээврийн хэрэгслээр хүрэх боломжууд зэргийг төлөвлөж, зохион байгуулна.
- Нас баралт (mortality):
- Дүүрэг, хороо, хэсэг, гудамж тус бүрээр нас баралтын төрлүүд,
- Нас баралтанд байшин, хороолол, хотхон, гэр, орц гарц, явган хүний гарц, машин зам, зам гүүр, иргэний байгууламж гэхчлэн тохиолдол ихээр гардаг бүсүүдийн нөлөөллийн судалгаа, нийгэм- эдийн засгийн болон нийгэм-соёлын нөлөөллүүд,
- Нөлөөллийн эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлсэн сайжруулах арга хэмжээ,
- Нас баралтын түвшин нь орчин болон төлөвлөлтийн өөрчлөлтөөс хамааран буурч сайжирсан байдал зэргийг хамтад нь төлөвлөж, хэрэгжүүлэлтээ хянаж явна.

Ингэснээр, хот төлөвлөлт, архитектур, тээврийн төлөвлөлт, байгаль орчны шинжлэх ухаан ба бохирдуулагч хордуулагч элементэнд иргэдийн өртөлтийн түвшин ба байршил, уур амьсгалын өөрчлөлт ба түүний байршил бүрт үзүүлэх өөрчлөлтийн нөлөө, нийгмийн эрүүл мэнд (өвчлөлийн тархвар судлал, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ), иргэний шинжлэх ухаан (хүн төвтэй менежментийн суурь), нийгмийн шинжлэх ухаан (олон хүний урсгал зохицуулалт, нийтийн зан үйл ба нийгмийн үзэгдлүүд), бодлого ба шийдвэр гаргах шинжлэх ухаанууд хамтдаа оролцож байж, хотын иргэд нэгдсэн зорилгодоо хүрэх нь тодорхой болоод буй юм. Тиймээс хот төлөвлөх, хотыг удирдах гэдэг нь зөвхөн инженерүүдийн хийдэг ажил биш, аюулгүй байдлын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхан, технологи, эдийн засаг, үйлчилгээний салбарынхан хүртэл хамтарч тодорхойлох төлөвлөх асуудал мөн.
Салбар дундын бөгөөд нэг сэдвийн асуудлыг олон үндэст суурь шалтгааны шинжилгээнээс илрүүлэх боломжтой, мөн асуудлыг олон асуудлын цогцолборт тохирсон шийдлээр анагаах боломжтой сэдэв болсон.
Хотын менежментийн чиглэлээр олон улсад тэргүүлэх байр суурьтай ажилладаг байгууллагууд болох С40, healthy polis, ICLEI зэрэг байгууллагууд ийнхүү хөгжихөд чухал түлхэц болж буй.
Тогтвортой хот, амьдрахад таатай хот, онцгой байдалд тэсвэртэй хот, ухаалаг хот, эрүүл хот зэрэг парадигмууд үүсч хөгжсөн нь цаашид “Хот”-ын асуудлыг цогцоор нь харж, системтэйгээр шийдвэрлэх хэрэгцээг үүсгэж буй. Цаашлаад “машингүй хот”, “жижиг боловч цогц хот” (compact city), хүлэмжийн хий бага ялгаруулдаг хот, байгальд түшиглэсэн шийдэлтэй хот гэсэн концепцууд ч үүсч байгаа нь цахилгаан машины хэрэглээ, ногоон барилгын хэрэглээ, автоматжуулсан үйлчилгээтэй хэрэглээ гэсэн шинэ эрэлтийг бий болгож байна. Хамгийн гол нь хот орчны аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдал эн тэргүүний шаардлага болж байгаа юм.
Манай Улаанбаатар болон бусад хотуудын төлөвлөлтөнд эдгээр үзүүлэлтээс хэд нь хангагдаж байгааг шалгах хуудаст оруулж байгаад, нэг тоолоод хэмжээд үзээрэй!
2024 оны 11 сард зохион байгуулсан “Хотын менежментийн шилжилт” нэртэй олон улсын хурлын мөрөөр 2025 оны 1 сараас цоо шинэ эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүл хэвлэгдэж эхэлж байгаа юм байна. 2024 оны 11 сард Испанид “Алхаж болохуйц хот” нэртэй хурал зохион байгуулагдсан бол 2025 оны 5 сард Нидерландад Тээврийн судалгааны сипозиум зохиогдох гэж байна.
Эх үүсвэр: https://www.elsevier.com/events/conferences/all/urban-transitions#2-supporting-publications