–
Сайн дурын: Хүнсний бүтээгдэхүүнд эрүүл мэндийн мэдээлэл, эко тэмдэг, сав баглаа боодолд эко тэмдэг хэрэглэх нь сайн дурын байна. Эко тэмдэг буюу байгаль орчны тэмдэг нь хүнсний бүтээгдэхүүнд, бусад бүтээгдэхүүнд болон сав баглаа боодолд, түүнчлэн үйлдвэрлэл үйл ажиллагаанд олгогдож болдог. Эко тэмдэгжүүлэлтийг Европын Холбоо гэхчлэн бусад улсад тусдаа хуулиар зохицуулдаг боловч одоогоор Австрали Улсад тусдаа хууль байхгүй. Гэхдээ Органик ба Био хүнсний хуулиас тусдаа зохицуулагддаг.
Доорх зурагт үзүүлэв.
Хүнсний салбарын хууль тогтоомжид Австрали ба Шинэ Зеланд улсууд хамтран ажилладаг бөгөөд Хүнсний аюулгүй байдлын FSANZ байгууллага нь Хүнсний Стандартуудын Кодын хүрээнд стандартуудыг хүнсний салбарт тогтоодог эрх мэдэл бүхий төрийн байгууллага нь байдаг. Бүх түвшний Засгийн Газрууд нь давхардсан эсвэл зөрчилдсөн зохицуулалт хийхгүйн тулд гэрээ байгуулан, харилцан уялдаатай ажилладаг.
Доорх зурагт үзүүлэв.
Хүнсний чиглэлийн стандарт ба кодуудыг Үндэсний, Мужийн эсвэл Орон нутгийн хууль, дүрэм журамд иш татаж заасан тохиолдолд тухайн стандарт нь заавал биелүүлэх шаардлага болно. Бүсийн хөгжлөөс, үйлдвэрлэл үйл ажиллагааны онцлог, аж ахуйн нэгж байгууллагууд ба иргэдийн хөгжлийн түвшнээс хамаарч, зарим өндөр түвшний шаардлагатай код, арга зүй, стандартыг цөөн хэдэн муж нь хэрэглэж, бусад нь хуулиар заавал шаардахгүй байхаар сонгож болно гэсэн үг. Энэ нь нийслэл хот болон томоохон хотуудын хөгжлийг гүйцэх болоогүй жижиг хот, тосгон, хөдөө орон нутгийн бүсүүдэд стратеги зорилтынхоо хүрээнд бодлогын хэрэгслийг шат дараатайгаар сонгон хэрэглэх, эхний шатны шаардлагаа жигд хангаж дууссаны дараа дараагийн шаардлагуудыг хэрэглээд явах боломж олгодогоороо давуу талтай.
Доорх зурагт үзүүлэв.
Заавал биелүүлэх ёстой шаардлагын нэг нь хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд түүний шинж чанар, ялган танигдах мэдээлэл, хэрэглэх заавар, сануулга, орц найрлага, хүнсийг савласан огноо, хадгалалтын заавар, шим тэжээл ба эрүүл мэндийн мэдээллийг заавал багтаасан байна.
Доорх зурагт үзүүлэв.
Австралид борлуулагдах хүнсэнд органик ба био тэмдэг заавал хэрэглэх шаардлагагүй, сайн дурын сонголт. Харин экспортонд гаргах бол заавал шаардана.
Доорх зурагт үзүүлэв.
Хүнсний бүтээгдэхүүний экспорт ба импортод тавих хяналтын тухай хуулиуд нь Нөхөрлөлийн орнуудын хууль байна. Органик ба био үйлдвэрлэлд үндэсний стандарт хэрэглэгдэнэ. Мөн АС 6000 Австрали стандарт нь үйлдвэрлэгч ба үйлдвэрлэлийн үйл явцад тавих шаардлагын стандарт бөгөөд органик ба био тэмдэг авахын тулд хангах ёстой шаардлагуудыг заасан.
Доорх зурагт үзүүлэв.
Дараах 5 төрлийн органик хүнсний тэмдэг ЗГ-т бүртгэгдэж, зөвшөөрөгдсөн байдаг.
Доорх зурагт үзүүлэв.
Австрали Улс дотроо худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнд гарал үүслийг мэдээлсэн тэмдэг заавал хэрэглэнэ. Ингэхдээ үйлдвэрлэсэн улс, хэрэв өөр орнуудын орцыг хольж хэрэглэсэн бол хичнээн хувь нь Австрали гаралтайг заавал тэмдэглэнэ. Мөн хаана савлагдаж, хаана үйлдвэрлэгдсэн нь өөр өөр улс орнууд бол тус бүрийг ялган тэмдэглэх үүрэгтэй. Жишээ нь, “савласан макадемиа самарны 12% нь Австрали самар бөгөөд Мексикт савлав” гэх мэт.
Доорх зурагт үзүүлэв.
Тэмдэг ба шошгонд үнэн зөв мэдээлэл тавихыг Хэрэглэгчийг Хамгаалах тухай ба Шударга худалдааны тухай хуулиудаар зохицуулдаг. Өөрөө мэдэгддэг тэмдэг хэрэглэсэн байсан ч мэдээлэл нь нотлогдохуйц, мөшгиж шалгахад баталгаажуулж болохуйц, үнэн зөв, бүрэн, төөрөгдүүлээгүй байх шаардлагатай. Эдгээрийг Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн тухай хууль (2010) зохицуулна.
Доорх зурагт үзүүлэв.
Хүнсний эко тэмдгийг Хэрэглэгчийг Хамгаалах тухай Хууль зохицуулна. Эко тэмдгийг хүнсний бүтээгдэхүүн ба түүний сав баглаа боодолд ашиглаж болно. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нотолсон эко тэмдгээс гадна нийгмийн тэмдгүүд бас хэрэглэгдэнэ.
Доорх зурагт үзүүлэв.
Австрали Улсад ардчилал, чөлөөт эдийн засгийн системийг хэрэглэдэг учир хүнс болон бүхий л салбарт өндөр эрсдэлтэй, зохицуулалтгүй бол хүний амь нас, байгаль орчинд хор хохирол учруулах зэрэглэл нь өндөр зүйлст л төр хяналт тавьж, оролцдог. Тогтвортой хөгжлийг дэмжсэн, инноваци ба байгальд ээлтэй технологи хөгжүүлсэн, хэрэглэгчдэд нэмэлт сайн дурын мэдээллийг аливаа баталгаажуулалтын тэмдгээр дамжуулан хүргэх асуудал нь өндөр эрсдэл биш, харин ч эерэг сайн үзүүлэлт учир төр шууд хяналт тавьж, шалгаж, зохицуулж оролцдоггүй. Эдгээр асуудлыг зах зээлийн зарчимд даатгаж, хэрэглэгчид өөрсдийн ёс зүйн шаардлагын үүднээс сонголтоо хийх эрхтэй үлдээдэг.
Доорх зурагт үзүүлэв.
Австралид олон улсын байгууллагуудын олгосон аливаа гэрчилгээ, тайлан, тэмдгийг шууд хүлээн зөвшөөрдөг. Олон улсын нэр хүндтэй, томоохон байгууллагуудаар баталгаажсан үйл ажиллагааг заавал давхар Австралид шалгах эсвэл бүртгэх албагүй, харин ч Австралид тэдгээр сайн туршлага орж ирж байвал давуу тал үүсгэнэ гэж үздэг. Тиймээс хүнсний салбарт олон улсад алдартай Далайн хариуцлагын консул далайгаас агнасан загас ба далайн хүнсэнд баталгаажуулалт хийж, тэмдгээ олгодог. Мөн Усны аж ахуйн хариуцлагын консулаас аквариумд өсгөж үржүүлсэн загас ба усны амьтдыг хүнсэнд хэрэглэхэд стандарт тогтоож, шаардлага хангасныг баталгаажуулдаг. Халуун орны ойн нэгдэл нь халуун бүст ургадаг ургамал тариалалт, боловсруулалт, тэдгээрийн борлуулалтанд стандарт тогтоож, баталгаажуулж тэмдгээ олгоно. Шударга худалдаа гэх олон улсын байгууллага нь ажилчдын аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний эрхийг хангасан тохиолдолд баталгаажуулж, өөрийн тэмдгээ олгодог. Мөн амьтны тавлаг байдлыг хангасан фермд үйлдвэрлэсэн өндөг, мах, сүүн бүтээгдэхүүнд түүнийг илтгэсэн тэмдэг мөн хэрэглэдэг. Жишээ нь, өндгөнд “саравчинд чөлөөт хөдөлгөөнтэй дарсан өндөг”, “фермд дураараа хөдөлж тэжээдэг тахианы өндөг” гэх зэргээр илэрхийлсэн өндөг дэлгүүрийн лангуунд их таарна. Энэ нь ямар ч хөдөлгөөнгүй хайрцагт хашсан тахиа биш шүү гэдгийг илтгэнэ.
Доорх зурагт үзүүлэв.
Эко тэмдгийн дэлхий даяар хэрэглэдэг нийтлэг нэг жишээ болох Мобиусын хүрдийг Австралид ч мөн хэрэглэдэг. Үүнийг “Дахин боловсруулах боломжтой” бүтээгдэхүүн, сав баглаа боодол, таг, материалд хэрэглэнэ. “Австрали-Азийн Дахин Боловсруулах Тэмдэг” нь дугуй доторх сумтай гурвалжингаар илэрхийлэгдэнэ.
Доорх зурагт үзүүлэв.
Дээр дурдсан тэмдгүүд бүтээгдэхүүнд харагдаж буй байдал.
Доорх зурагт үзүүлэв.
Монгол Улсад энэ туршлага удахгүй хэрэгжиж, дэлгүүр ба захын лангуун дахь бүтээгдэхүүнүүдэд эко тэмдгүүд харагддаг болохын төлөө хамтран ажиллацгаая!
Б.Оюунтөгс
2024.05.31