Энэ өдрийн мэнд хүргэе.
Австралийн Мелбурн хотод 3-р
сарын 22-ны энэ өдөр намар болж, навчис шарлан унаж байна. Гадаа 16-20 хэм хүрч
сэрүүссэн. Зундаа 30-37 хэм байлаа.
Намар болохоор л хичээл ном
эхэлж, сурах идэвхи төрдөг зуршил тогтжээ. Зун бол нозоороод төвлөрөхгүй юм
билээ.
За, тэгээд ажлын шугамаар
Тогтвортой Санхүүгийн Холбоотой хамтран ажилладаг Их Британийн Оксфордын Их
Сургуулийн сургалтуудад хамрагдах боломж гарсан юм. Өөрийн сонирхдог сэдэв
болох төр улсын бодлогыг тодорхойлоход ямар зарчим баримталдаг, ямар шат дарааллаар
хэрэгжүүлэх ёстой байдаг тухай “Бодлого боловсруулах танилцуулга”
хичээлийг юун түрүүн барьж авлаа.
Бодлого тодорхойлох ажил 6 үе
шаттай:
1. Та зөв бодлогоо тодорхойлох
гэж байна уу? Нотлох баримтыг ашиглаж хаана ямар бодлого тодорхойлох шаардлагатайг
шинжээрэй.
2. Сонирхогч талуудыг
оролцуулж, зөвлөлдүүлээрэй. Аливаа сайн бодлогын үр дүн нь иргэдийн амьдралд
бодит эерэг үр нөлөө авч ирсэн байдаг. Тиймээс иргэдээс асууж оролцуулалгүй
гаргасан бодлого байж таарахгүй.
3. Бүхнээс чухал нь дизайн шүү.
Бодлого өөрөө дизайнтай. Тиймээс хувцасны эсгүүр хийгээд туршдаг шиг бодлогын
дизайныг мөн туршиж үзэх хэрэгтэй.
4. Хэрхэн бодлогод нөлөөлөгч
болох вэ? Нөлөөлөх ба харилцах урлаг. Бодлогыг бусдад ойлгуулж дэмжүүлэх, мөн
үр дүнтэй танилцуулах арга техник гэж бий.
5. Бодлогыг хэрэгжүүлэх нь:
Бодсон дагуугаа хий. Гэхдээ бодлогыг бодит амьдралд буулгах үед оптимал үр дүн
нь эцсийн хэрэглэгч болох улс орны иргэдэд л хүрч үйлчилсэн байхыг
анхаар. Худлаа тоо баримт, итгэл үнэмшил хэрэггүй, фактаарр юу сайжирсанг
хэмж.
6. Хэсэгхэн үр нөлөөг хэрчиж
аваад, дүгнэ. Үнэлгээ хий. Учир нь бодлогыг амьдралд нэвтрүүлэх эхний хэсэг
хамгийн чухал, хамгийн хэцүү байдаг. Тиймээс бодлого алдаатай байгаа эсэхийг,
асуудалтай байгаа эсэхийг үнэлж, нотлох баримт цуглуул. Хэрхэн тэдгээрийг
амжилттай шийдвэрлэж болохыг шийдэл болгон дэвшүүл, үр дүнгээ мөшгих хүснэгтүүд
хөтөл.
Их Британи, Умард Ирландын
Нэгдсэн Вант Улсын (United Kingdom – UK гэж товчилъё) Төрийн Бодлогын Дизайн
блогт нийтэлсэн UK-н Засгийн Газрын Бодлогын Дизайны Нийгэмлэгийн тэргүүн
Андрью Найтын нийтлэл:
Шинэ бодлогын эсвэл шинэ төрийн
үйлчилгээний эхний үе шат хамгийн чухал бас хэцүү. Учир нь энэ үед л ирээдүйн
зүг чиг хааш явах гэж байгааг шийддэг.
Бодлого
эхлүүлэхэд гаргадаг нийтлэг 2 алдаа:
1)
Процессын төлөө хийх.
Заримдаа хүмүүс бичгээ хурдан боловсруул, журмаа хурдан
батлуулчих, дараа нь хэрэгжүүлж болж л таараа гэх гээд байдаг.
Энэ их асуудалтай. Учир нь иргэдэд бий болгох гээд байгаа
гол үр дүндээ товч тодорхой төвлөрөхийн оронд ажил хийсэн болж байгаа
процесстоо живэх хандлага байдаг. Жижиг даалгавруудыг хийж дуусгах гэж хамаг
анхаарлаа хандуулсаар байгаад бодлогын бичиг гарах нь гарна, гэхдээ амьдрах
чадваргүй, иргэдэд бодит эерэг нөлөө авч ирэхгүй, “хэрэглэгчээ мартсан” сайхан
үгс болж үлддэг.
Виндруш-ийн шүүмжлэлд, Вэнди Виллиамс “хуулийн
хэрэгжилтийг дэмжсэн журам гаргах багийнхан гаргаж байгаа шийдвэрээ шүүж
хэлэлцэх, буруу байгаа эсэхийг шударгаар санал сонсоод сайжруулчих цаггүй
ажилласан. Гэхдээ үр дүнд нь тэд бүгд буруу зам гэдгийг нь мэдсээр байсан тэр л
арга барилаараа ажиллаж дуусгаад, үр дүнгүй журам зааврууд гаргасан” гэжээ.
2)
Шийдлийг урьдчилан тодорхойлох.
Түүнчлэн ЗГ-н хэрэгжүүлэлтийн багт ажилладаг хүмүүст
нэгэн айдас байдаг. Тэр нь байнгын хороод урьдчилан жорыг нь бичсэн шийдэл
танилцуулагддаг. Харамсалтай нь батлагдаагүй таамаглалуудыг шарах шүүгээнд
шараад болгочих юм бол ард түмнээ цатгахгүй талх, магадгүй хордлогонд оруулах
орцыг хольж найруулах нь их.
Хороод болоод яамдын хуралдаан, бодлогын шийдлийг ярилцаж
шүүн тунгаах ажлыг зохион байгуулахад анхаарсан баг нь цаг хэмнэх, үр дүнтэй
хуралдах гэдэг шалтгаанаар ийнхүү эрсдэлүүдийг нийлүүлэн цуглуулж, сагсанд
хийгээд хуралдагсдыг, шийдвэр гаргагчдыг хуралдуулах нь өөрөө алдаа байдаг.
Харин “үр дүнтэй” хуралдаан гэдэгт цагийг багасгахыг бус “хамгийн
чухал үр дүнгээ гаргахуйц шийдэл мөн эсэхийг хэлэлцүүлж, шүүн тунгаалгаж, зөв
шийдвэр гаргах”-ыг хамруулан ойлгох хэрэгтэй. Ингэж чадаагүй бол бодлого гарсаны
дараа иргэдэд хүрэхдээ, хэрэгжих явцдаа сөрөг үр дүн авч ирэх, эсвэл өөр ажлаар
илүү сайн үр дүнд хүрч болох байсныг мэдэж авах үед бүгд шоконд ордог. Ийм
сюрприз байж болохгүй.
Тиймээс
аливаа шийдэл гаргахаар хуралдахдаа, хэлэлцэхдээ, дараах зүйлсийг хийгээрэй:
1)
Яаран шийдвэр гаргах гэж бүү оролд. Харин
хэлэлцүүлэг дундуур бодлогын хамгийн суурь хэрэгцээ болох “Бид ямар үр дүн хүсч
байна?”, “Бидний бий болгох гэж буй үр дүн энгийн иргэд, оршин суугчдад яаж
харагдах, мэдрэгдэх билээ?” гэдэг асуулт руу байнга буцаж оч.
2)
Бодлогын хэрэглэгч нь иргэд байдаг. Хэрэглэгч
бол хаан. Тиймээс өөр өөр бүлгийн хэрэглэгчид одоо яригдаж буй өөрчлөлтөнд
хэрхэн хариу үзүүлэхээр байгаа тооцоог шалгаж үз. Судалгаа авч, унш. Өөр өөр
бүлгийн иргэдээс төлөөллийг оролцуулж уулз, фокус бүлгийн ярилцлага хийж
асуудал ба шийдлийг хэлэлцүүл.
3) Шийдэх асуудал, бодит байдлыг мэд. Энэ үед бидний хийж буй ажлын үр дүн буюу иргэдэд
үзүүлэх үйлчилгээ маань ямар асуудлыг шийдэх гэж байгаа, хэр хугацаанд ямар үр
дүн авч ирэх гэж байгаа, мэргэжилтнүүд болон ард иргэдийн өөр бүлгүүд юу гэж
авч үзэх гэж байгааг бид урьдчилан мэдэж, асуудлыг яг яаж шийдэх нь хамгийн зөв
болохыг шийдвэр гаргагчид бэлхнээ олж харж чаддаг. Хуралдааны хамгийн гол сайн
үр дүн нь энэ юм шүү, бодит байдлыг, бодит хүлээлтийг, бодит үр дүнг зөв
тооцоолж шийдвэрлэх.
Бодлогыг
амжилттай тогтоох арга:
1)
Бодлогоор хэнд хүрч нөлөөлөх гэж байгаа тэр
зорилтот хэрэглэгчдийг тодорхойл. Иргэдэд нөлөөлөх нь бол тодорхой. Тиймээс яг
ямар насны, ямар хүйсийн, ямархуу боловсрол ажил мэргэжилтэй, хаана хэрхэн
амьдардаг, орлого зардлын ямархуу түвшинтэй, хэчнээн ам бүл ба амьдралын хэв
маягтай, юунд дуртай ба дургүй хүнд хүрч үйлчлэх бодлогыг та хийж байна вэ?
Бодлого зорилтот бүлэгтээ үйлчлэхээс гадна сүлжээнд
байгаа бусад талуудад нөлөөлөх үү? Тухайлбал, та жолоочдод зориулж замыг
сайжруулах бодлого ярьж болно, гэхдээ замын хажуугаар алхдаг сургуулийн хүүхэд,
тэргэнцэртэй иргэн, замын хажуугаар амьдардаг айл өрхүүдийг бодолц.
2)
Тэдгээр хэрэглэгчдэд зориулж та яг юуг өөрчлөх
гэж байгааг тогтоо.
Бодлого тодорхойлогчид “системийн түвшинд” ойлголттой
байх шаардлагатай. Бодлогын салбарт ажиллана гэдэг төрийн үйлчилгээний
байгууллагууд, төрийн өмчит компаниуд, тэдэнтэй хамтран ажилладаг талууд
гэхчлэн өргөн хүрээнд хамарч асуудлыг цогцоор нь бодож төлөвлөх, хэрэгжүүлж, үр
дүнг хэмжих чадамжийг шаарддаг.
Тухайлбал, Их Британи Улс Европын Холбооноос гарахад цогц
төлөвлөлт, үр дагаврыг удирдах хэрэгтэй болж байсан. Ковид19 цар тахлын үед бүх
салбар, айл өрх, албан байгууллагыг хамарсан цогц үйл ажиллагааны менежмент
шаардагдсан. Одоо цаг уурын өөрчлөлттэй уялдуулан байгаль орчны менежмент
хэрэгжүүлэх нь улс орон бүрийн хувьд зөвхөн Байгаль Орчны асуудал хариуцсан
төрийн захиргааны төв байгууллага биш, бүхий л салбар, түвшин, өмчийн хэлбэрийн
үйл ажиллагааг хамарч хэрэгжих шаардлагатай байна.
Энэ талаар “Системийн хэлтсийн Стратегийн хамрах
хүрээний мэргэжилтэн: Цогц асуудлыг шийдвэрлэхээр ажиллах үед “хамгийн таатай
шийдэл”, эсвэл “нөөц шийдэл” гэж огтоос байхгүй. Учир нь цогц асуудлыг шийдэх
нэг шийдвэр гэж байхгүй, харин олон шийдвэр бий. Салбар бүрийн мэргэжилтнүүд,
шийдвэр гаргагч нар асуудлыг жижиг хэсгүүдийг тал талаас хамтран хэлэлцэж
шийдвэрлэснээр олон тусдаа жижиг бодлогын шийдэл, хэрэгжилт, үр дүн нь нийлээд
улс орон даяарх үр нөлөөг л авч ирнэ” гэжээ.
Гэвч төрийн байгууллагууд нэг асуудлыг тал талаас нь
хамтран шийдэх гэж буй атлаа хоорондоо уялдаагүй байх нь элбэг. Улс орны соёл,
технологи, процессоос хамаарч, олон өөр байгууллагыг уялдуулах нь хэцүү. Тэд
мөн тус тусдаа ажиллаж дадсан бөгөөд хамтарч уялдах талд сул байдаг.
Тиймээс “Системийн түвшинд” харж, эцсийн дүндээ иргэдэд
очих үр дүнд төвлөрч сурах, тэгж ажиллахад чиглүүлж чадах лидерүүдийн тоо улс
оронд олшрох хэрэгцээтэй. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондоо уялдаж,
бодлого тодорхойлогчид ч иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж чадах үр
нөлөөтэй төрийн үйлчилгээг бий болгож чадна.
3)
Та тэр хүссэн үр дүнд хүрсэн эсэхийг ямар
аргаар хэмжихээ шийд.
Канадын Торонтод байрладаг Онтарио мужийн Барилга, Хот Байгуулалтын
Яамны ахлах зөвлөх Маттью МакЛийн ингэж бичжээ:
ЗГ-н бодлогын ажилтнууд маш их цагийг “хэрэгжүүлэлт”-нд
зарцуулж байна. Тэд карьерынхаа замналд бодлогын олон төрөлд ажиллаж, бодлогын
процессыг хэрэгжүүлж сурсан байдаг ч тухайн нэг асуудалдаа мэргэшдэггүй.
Тиймээс гаргах гэж буй бодлогынхоо талаар мэргэжлийн судалгаа хийж чаддаг байх
нь чухал. Судалгаан дотроо бодлогын асуудлыг зөв тодорхойлох, үр дүн үзүүлэх
боломжуудад шинжилгээ хийх, зөвлөгөө зөвлөмж нь ЗГ-н бодлого чиглэлд нийцэж буй
эсэхийг хэмжих үзүүлэлттэйгээр тайлагнах бэлтгэл хангах чадвар чухал.
Бодлогын асуулт, түүний дагуу албан ёсны статистик мэдээ
авах, үнэн зөв датанд анализ хийх нь бэрх. Далд эдийн засаг, осол зөрчлийн нуун
дарагдуулалттай орчинд худал тоо мэдээ их. Тиймээс татварын дарамт ба торгууль
шийтгэлийн дарамтаас үүдэж нуугдмал байдалд орсон нөхцөл байдлыг судалгаандаа
тооцоолж, бодит байдлыг зураглаж чадаж буй эсэхтээ тоон гэхээс илүү чанарын
судалгаа хийж байх хэрэгтэй. Чанарын судалгаа гэдэг нь иргэдийн бүлгүүдээс
бодит ярилцлагыг ганцаарчлан болон фокус бүлгээр авах, тематик (сэдэвчилсэн) чанарын судалгаа авч, онолын
үндэслэлтэйгээр анализ хийхийг хэлнэ. Тоон дээр ядууралгүй мэт тайлагнагддаг ч,
бодит амьдралд өдрийн хүнсээ авч идэж чадахгүй түвшинд ядуурал газар авсан байх
нь бий. Орон байртай, дундаж давхаргын оршин суугч мэт харагдаж байж болох ч
тэр бүх хэрэглээ нь зээлийн барьцаанд байх нь бий. Тэгвэл амьдралын чанарыг “чанарын
судалгаа”-р илрүүлэх нь зохимжтой.
Тиймээс байгаль орчин ба тээврийн бодлогын салбарт
ажилласан туршлагадаа үндэслэн дараах 5 асуудал тодорхойлох аргыг санал болгож
байна:
1.
Тодорхой бодлогын баримт бичиг гаргах гэж яарахаасаа
өмнө концепцийн сайн суурь тавихын тулд гүн ухаж судал. Түүхүүдийг сонс,
шүүмжүүдийг сонс, эрдэмтдийн ном, сургалт, дэлхийн шилдэг туршлагуудыг судал.
Яагаад судлах ёстой юм гэж бодогдож байсан ч заавал судал. Мэдэж байгаа гэж
бодсон зүйлээ судлаад үзэх үед ямар их зүйл мэдэхгүй байснаа олж харна. ЗГ-н
гадна талд байгаа мэргэжлийн хүмүүс, холбоод, хувийн байгууллагуудаас санал шүүмжийг
заавал ав. Учир нь ЗГ-т бодлогын чиглэлээр ажиллаж ирсэн мэргэжилтнүүд дээр
дурьдсан дагуу ерөнхий мэдлэгтэй хүмүүс байдаг ба тэдний мэргэшил нь бодлогын
процесс учраас аргагүй юм. Харин нарийн мэдлэгийг тухайн салбартаа мэргэшсэн
мэргэжилтнүүд хангаж чадна. Зөв асуудлаа барьж авсан эсэхийг чинь тэдгээр
талуудын ярих түүх баталж өгнө.
2.
Судалгааны хамрах хүрээгээ тодорхойлохын тулд
улс төрийн зөрчлийг шийдвэрлэх зарчмыг баримтал. Ямар судалгаа хийх,
яаж хийх нь ямар зорилгод хүрэх гэж байгаагаас хамаараад өөр. Тиймээс зорилгоо
товч тодорхой мэдэж байх, түүнд хэрэгтэй судалгааны датаг тодорхойл. Улс
төрчид, нэг бүлгийн хүмүүс, төрийн байгууллагын мэргэжилтнүүд гэлтгүй бүхий л
хүнд өөрийн гэсэн асуудлыг харах өнцөг, үзэл бодол төлөвшсөн байдаг. Бодлого
ийм л байвал зөв, ингэж л хийх ёстой гэсэн тэдгээр бодлууд бол түүхий орц
гэдгийг үргэлж сана. Тиймээс хэн нэгнийх нь үзэл бодолд хөтлөгдөхгүй, бүх талын
санал хэрэгцээг сонсч, нийгэмд бүгдэд үйлчлэх бодлого тогтоохын тулд ялгаатай
нийгмийн бүлгүүд, институциуд, мэргэжлийн байгууллага, хүмүүсийг хамруулах нь
чухал. Олон талын саналыг сонсч, зөрчилгүй шийдвэр гаргах нь улс төрд
харилцааны зөрчлийг удирддаг аргатай адил байгаа биз.
3.
Фокустай бай. Судалгаа зөв асуудалд төвлөрч,
бүх мэдээллийг үнэн зөв гаргаж ирэх нь ямар чухлыг бид харлаа. Тиймээс
судалгаанд төвлөрөх цагийг заавал гарга. Дутуу судалгаа, дутуу шүүмж, дутуу
санал асуулга бол үргэлж түүхий талх үйлдвэрлүүлдэг. Тиймээс хэн ч саад садаа
бололгүйгээр, ултай суурьтай судалгаа хийж, бодлогын хэрэгжилтийн үр нөлөөнд
бүх талууд сэтгэл ханамжтай байх, бүх
талд хэрэгтэй шийдэл нь гарсан байхаар тооцож, асуудал бүрийг & шийдэл бүрийг нягт
нямбай судал. Судалгаа сайн хийхийн тулд мэргэжлийн арга зүй, модель ашигла.
4.
Мэдээллийн өөр эх сурвалжууд ашигла. Сэдвийн
чинь тухай уламжлалт үзэл юу вэ? Түүнтэй эсрэгцдэг шинэлэг үзэл хандлага юу
байна? Хуульч, эдийн засагч, эрсдэлийн шинжээч гэхчлэн мэргэжлийн хүмүүсээс
сайн зөвлөгөө ав. Гурав дагч талын буюу хөндлөнгийн аудитын байгууллага,
зөвлөгөөний болон судалгааны байгууллагууд бодлого тодорхойлогчдод ойлгоход
амар байдлаар чухал мэдээллүүдийг судалж, тайлан болгож өгдөгийг ашигла. Гэвч
тэдэнд шууд найд гэсэн үг биш. Тэдний ашигласан дата, асуудлаа томъёолсон арга
зүй, шийдэлд нь нөлөөлсөн үзэл бодлуудыг хурцаар шүүмжилж, шүүсэн бяслаг шиг
шах. Үзэл бодлын хараат байдал үүссэн хүн, байгууллагыг тань. Судалгааг хэт
жижиг асуудалд детальчилж, фокусаа алдсан байдлаар биш мета түвшний асуудал
талаас зорилгод чинь нийцсэн байлгахад анхаарч, захиалгаа өг. Академик судалгаа
нийтлэлийг нотлох баримтаар нь шүүж, бидэнд яг одоо чухлаар тавигдаж буй
асуудал мөн үү, үгүй юу, гэдгийг нь хянаж унш.
5.
Бүлгийн сэтгэлгээ зэрэг нийтлэг урхинаас
сэргийл. Трэнд болж буй үзэл сэтгэлгээ, аль нэг бүлгийн үзэл сурталд давуу тал
олгосон шийдэл гарчих вий? Гэж заавал хянаж бай. Нийгмийн асуудлын хувьд
өнгөрсөн түүхэнд хамгийн эрх ашиг нь зөрчигдөж, дуу хоолойг нь сонсдоггүй тэр
бүлгийг заавал сонс. Урт хугацаанд тэнцвэргүй шийдвэрүүд гарч, зарим нийгмийн
бүлгийг тахир дутуу болгосоор байвал улс орныг зөв удирдаж чадахгүй. Бодлогын
ямар ч бүс “нейтраль” буюу саармаг байдаггүй. Эцсийн үр дүн заавал “эерэг” байх
ёстой. Эрхийг нь хамгаалах ёстой цөөнхийн бүлэг, нийгмийн эмзэг бүлэг, төрөөс
анхаарал тавьж боломж олгож байх ёстой “ашигтай бизнес биш” тэр хэсгүүдийг
орхиж үл болно. Ойлгомжгүй, тодорхойгүй зүйл гарвал ханцуй шамлан орж, судал.
Судалсан юм бүхэнд асуудал нь тодорч харагддаг, шийдэл нь гарч ирдэг.