Авилга, хээл хахуулийн менежментийн тогтолцоо – Хэрэглэх зааврын хамт танилцуулсан шаардлагыг энэ стандарт танилцуулдаг. Энэхүү сайн дурын стандартыг нэвтрүүлсэнээр байгууллага авлигаас ангид байх үйл ажиллагааг шаардсан процессуудын дагуу хэрэгжүүлэх, бүхий л эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой болдог.
Системтэй аргачлал, эрх үүрэг хариуцлагын хуваарилалт, дээд удирдлагын үүрэг амлалт, авлигын эсрэг үйл ажиллагааг хариуцсан нэгжтэй байх, дотоод ба гадаад хяналт шалгалтын механизм ажиллуулдаг байх нь ирээдүйд энэ төрлийн алдаа дутагдал гарах, бизнесийг нэр хүндийн болон хуулийн эрсдэлд оруулахгүй байх, олон нийтэд эргэлзээ хардлага төрүүлэхгүй байх буюу төрүүлсэн тохиолдолд эргэлзээг ил тод мэдээллийн тусламжтайгаар арилгадаг байх тухай маш чухал менежментийн тогтолцоог загварчилсан стандарт юм.
Стандартыг товч танилцуулъя:
Энэ стандарт нь нийт 10 бүлэгтэй. Өндөр түвшний бүтэцтэй учир 2015 оноос хойших бусад менежментийн стандартуудтай ижил нэр бүхий бүлэгтэй.
Бүлэг 4. Байгууллагын төлөв байдлыг ойлгох тухай.
Аливаа менежментийн стандартын шаардлага танилцуулсан бүлгүүдийн эхнийх нь тухайн байгууллагаа, орчин нөхцөлөө ойлгож, байгууллагынхаа онцлогийг судалсаны дараа хэрхэн менежмент хэрэгжүүлэхээ төлөвлөх тухай байдаг. Ийм ч учраас 4.1-р бүлэгт байгууллага ба түүний онцлогийг ойлгох, 4.2-р бүлэгт тухайн байгууллагатай харилцаж ажилладаг бүхий л талуудын хэрэгцээ, хүлээлтийг ойлгох, 4.3-р бүлэгт менежментийн систем хэрэгжүүлэх хамрах хүрээ, 4.4-р бүлэгт авлигын эсрэг менежментийн процесс, 4.5-р бүлэгт авлигын эрсдэлийн үнэлгээний тухай заажээ.
Эндээс харвал 4.5-р бүлэг нь бусад стандартаас ялгаатай нэгэн заалт нэмсэн, үүнд авлигын сүлжээнд өртөж болох хүчин зүйлс болон эрсдэлийн цэгийг тодорхойлох, байгууллагын онцлогт тохирсон байдлаар тэдгээр эрсдэлийг бууруулах боломжид анализ хийх, байгууллагад гарч буй бүтэц зохион байгуулалтын болон манлайллын өөрчлөлтөөс хамаарч, тэдгээр эрсдэлийн зэрэг өөрчлөгдөх байдалд тогтмол хяналт тавьж байх тухай дурддаг.
Бүлэг 5. Манлайлал
5.1-р бүлэг нь дээд удирдлагуудын манлайлал, үүрэг амлалтын тухай. Ингэхдээ:
5.1.1-р бүлэг нь дээд удирдлагын шийдвэр гаргалт эсвэл групп компани, чиг үүргийн дагуу өөр нэг байгууллагад тайлагнадаг, удирдуулдаг байгууллагын хувьд тухайн удирддаг байгууллагын шийдвэр гаргалтандаа авлигагүй ажиллах тухай үүрэг амлалт хүлээдэг байх тухай заадаг. Авлигын эсрэг бодлоготой байх, аливаа танил талаар ажил шийдүүлэх болон таньдаг хүндээ давуу тал олгуулах аливаа худалдан авалт, хүний нөөцийг ажилд авах, ажлын гүйцэтгэл үнэлэхдээ шударга ханддаг байх зэргийг шаардана.
5.1.2-р бүлэг нь дээд удирдлагаас ажилтнууддаа мэдээлэл өгдөг байх, зорилго зорилттой байх, байгууллагын соёлыг хээл хахуульгүй болгож төлөвшүүлэх, авлигын эсрэг системээ оновчтой загварчлах,
5.2-р бүлэгт Бодлоготой байх. 5.3-р бүлэгт Эрх, үүрэг, хариуцлагын хуваарилалт гаргах, ингэхдээ авлигын эсрэг хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээр болон бусад шаардлагын нийцлийг хариуцсан нэгжтэй байх, шийдвэр гаргах асуудалд дээд удирдлага өөр хүнийг авлигад автахгүйгээр шийдвэр гаргах эрх мэдэл хуваарилж өгөх тухай заадаг.
Бүлэг 6. Эрсдэл боломжийг үнэлж, тэдгээрийг шийдвэрлэх зорилт ба төлөвлөгөө гаргах тухай 6.1-6.2-р бүлэгт туссан.
Бүлэг 7. Байгууллагын нөөцийг тодорхойлох, ажилтнуудын чадамж ба хүнийг ажилд авах процесс, сургаж хөгжүүлэх ажил болон мэдээллийн урсгал, баримт бичиг, бүртгэлийн тогтолцооны шаардлагууд 7.1-7.5-д туссан.
Бүлэг 8. Үйл ажиллагаа
8.1-р бүлэгт үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах тухай: Байгууллага доторх ажил явуулдаг процесс бүр ямар шалгуурыг хангасан байх ёстой, хэрхэн түүний хэрэгжилтийг хянах, хяналтын цэгүүд тогтоосонн байх, аливаа өөрчлөлт гарсан үед хэрхэн хяналтын цэг нэмж тодорхойлох зэргийг тухайн байгууллага шийдвэрлэсэн байхыг шаардана.
8.2. Нийцлийг хангуулах буюу байгууллагын аливаа бэлэн болон бэлэн бус гүйлгээ, төсөл үйл ажиллагааны хэрэгжилт, бизнес төлөвлөгөө ба бизнес харилцаа, тусгай бүлгийн хүмүүстэй харилцах арга замуудад нөхцөл байдлын болон эрсдэлийн үнэлгээ хийж байхыг шаардсан.
8.3. Санхүүгийн хяналт тогтоож, эрсдэлийг хянах тухай, 8.4-р бүлэгт Санхүүгийн бус хяналт тогтоож, худалдан авалт, үйл ажиллагаа, борлуулалт, сурталчилгаа, хүний нөөц, хууль, зохицуулалтын үйл ажиллагааны эрсдэлийг хянадаг байх тухай заасан.
8.5-р бүлэгт Байгууллага ба түүний бизнес хамтрагч нарт авлигын эсрэг хяналт хэрэгжүүлэх журамтай байх, тэдгээрийг системтэйгээр хэрэгжүүлдэг байх, байгууллагад учруулах эрсдэлийн түвшинд нь тохируулан хяналт хийх тухай,
8.6-р бүлэгт Авлигын эсрэг үүрэг амлалтын сүлжээндээ болон өөртөө хэрхэн тунхаглаж, мөрдүүлж байгаа тухай, тэдгээрт эрсдэл үнэлж хянаж байх тухай,
8.7-р бүлэгт Бэлэг, зочлолт, хандив ба ижил төстэй ашиг тусыг зохицуулсан журамтай байх,
8.8-р бүлэгт Авлигын эсрэг хяналт нь зохисгүй байвал хэрхэн илрүүлэх, хяналтанд авах,
8.9-р бүлэгт Анхаарал татсан зүйл нийгэмд үүсвэл хэрхэн ажилтнууд ба удирдлагууд, эзэмшигч өмчлөгчдийг сэжиг хардлагыг зогсоолгох, итгэл хүлээхүйц мэдээлэл сэргээх, шаардлагатай бол хяналт шалгалт хийлгэх, итгэлтэйгээр шаардлага ханган ажилладгаа нотлох арга хэмжээ авах, шударга байдлын тайлан ба тогтвортой үйл ажиллагааны тайланг олон нийтэд ил мэдээлж байх, нэрээ нууцалсан мэдээлэгч ба шүгэл үлээгчийг зөвшөөрсөн бодлого үйл ажиллагаатай байх, тэдгээрээр дамжин аливаа тохиолдол илэрвэл бүртгэн авдаг байх тухай заасан.
8.10-р бүлэгт Авлигын хэргийг мөшгин шалгах, шийдвэрлэх журам буюу мөрдөн шалгалт, бодлого журам зөрчсөн тохиолдлыг тайлагнах, илрүүлэх, сэжиг тавих буюу түүнийг нотлох/няцаах, байцаагчдад эрх мэдэл өгч ажиллах боломжоор хангах, хяналт шалгалтын үр дүнг ил тод тайлагнах буюу нууцлалтай байх тухай зохицуулалт хийх, байгууллагад энэ төрлийн хяналт шалгалт хариуцсан хүнтэй эсвэл нэгжтэй байх тухай өгүүлдэг.
Бүлэг 9. Гүйцэтгэлийн үнэлгээ
9.1-р бүлэгт Мониторинг, хэмжилт, анализ, үнэлгээ, 9.2 Дотоод аудит, 9.3 Удирдлагын хяналт, 9.4 Авлигын эсрэг үйл ажиллагаа хариуцсан нэгжийн хяналт тус тус дурдагдсан.
Бүлэг 10. Сайжруулалт
10.1-т үл тохирлыг илрүүлэх залруулах, 10.2-т байнга сайжруулах тухай танилцуулсан.
Хавсралт А нь эдгээр шаардлагыг юу гэж ойлгож, хэрэглэх, ямархуу баримтжуулалтаар нотлох жишээ заавар багтаасан. А1-22-т дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн.
Энэ стандартыг хэрэгжүүлсэн төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн бүхий л байгууллага хөндлөнгийн аудитад хамрагдаж, гэрчилгээжих боломжтой. Энэ нь авлигын эсрэг менежментийн системтэй бөгөөд түүнийгээ байнга сайжруулан ажиллуулдаг гэдгийг нотолно.
Гэвч хөндлөнгийн аудит нь ямар ч үед зөвхөн захиалгын дагуу өгөгдсөн хугацаанд түүвэрчилсэн байдлаар хийгддэг тул тухайн байгууллагын бүхий л мэдээ датаг нэг бүрчлэн шалгадаггүй (ийм үүрэг хүлээдэггүй, зөвхөн систем ажиллаж буй эсэхт анализ хийдэг). Тиймээс гадны аудитаар илрээгүй нарийвчилсан мэдээллийг байгууллагын өөрийн нийцэл хангуулах чиг үүрэг буюу дотоод хяналт, аудитын механизмаар байнга хянаж, засч сайжруулдаг байх шаардлагатай.
Авлигын асуудал иргэдийн боломжийг хулгайлдаг, мэдээлэлтэй талуудад давуу тал үүссээр бүх нийтээр эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай амьдрах эрх хасагдаж байгаа МУ-н хувьд бүхий л байгууллагад энэ систем нэвтрүүлэхийг иргэд олноор шаардах хэрэгтэй болов уу.
Б.Оюунтөгс
2024.09.07