Theodore H. Poister, Georgia State University, The Future of Strategic Planning in the Public Sector: Linking Strategic Management and Performance (2010)
Олон нийтийн салбарт стратеги төлөвлөлтийн ирээдүй: Стратеги менежмент ба гүйцэтгэлийг уялдуулах нь
Уншсан тэмдэглэл:
2010 оны 12 сард бичсэн энэ нийтлэлд өнгөрсөн 25 жилийн турш мундаг гэсэн эрдэмтдийн төрийн удирдлагын чиглэлээр сургаж ирсэн зүйлс үнэн байсан эсэх, цаашид стратегиа яаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэж урьдчилан тооцоолсон байсан зүйлс нь биеллээ олсон уу гэдгийг анхааран онцолжээ. Тэд нийтийн удирдлагад стратеги төлөвлөлт хэрэглэгдэж байгаа ч процессыг бүхэлд нь удирдахгүй байгаа тухай, нэг хэсэг хугацаанд анхаарч байснаа тоолгүй орхидог байдлыг арилгаж байнгын тогтвортой тууштайгаар хэрэгжүүлэлтийг хийдэг байхын чухлыг хөнджээ. Стратегийн менежментийг бүрэн хийхийн тулд гүйцэтгэлийн хэмжилт, хяналтыг тогтмолжуулах хэрэгтэй гэжээ.
2020-оод он гэхэд 3 төрлийн менежментийн шилжилт хийгдсэн байх хэрэгтэй гээд 1-рт стратеги төлөвлөлтөөс стратеги менежмент рүү, 2-рт гүйцэтгэлийн хэмжилтээс гүйцэтгэлийн менежмент рүү, 3-рт стратеги төлөвлөлтийг гүйцэтгэлийн менежменттэй уялдуулдаг болох гэж томъёолсон.
Стратеги менежмент хэрэгжүүлэхийн тулд төрийн агентлагууд байгууллагын хувьд дотоод чадавхи болон гүйцэтгэлийг сайжруулах хэрэгтэй, үүний тулд байгууллагын үнэлгээний процессыг үр дүнтэй байлгах хэрэгтэйг дурджээ. Ингэхдээ Пенсилван мужид хэрэгжүүлж байсан орон нутгийн замын бүтээн байгуулалт хийх, дэд бүтцийг цогцоор төлөвлөх төсөлд зөвхөн замын ашиглалт арчлалтыг анхаарахаас гадна зам гүүрийн бүтцийн аюулгүй байдлыг анхаарсан иргэндээ ээлтэй төсөл байлгах, төслийн зардлыг бууруулах боловч орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тохирсон байлгах нийгмийн үнэ цэнийг чухалчилсан. Пенсилванийн Виллиамспортын хотын захиргаа Ривер Валли Транзит үүрэг хариуцлагын хамрах хүрээгээ өргөжүүлж, олон нийтийн зогсоолын систем, иргэдий хөдөлгөөн хийдэг зам, парк, галт тэрэгний зам ба авто замын огтлолцол, усан завь зэргийн үйлчилгээг хотын жуулчдад үйлчилдэг цэгүүд болох театр, худалдааны төвүүд, жижиглэн худалдааны дэлгүүрүүд ба тэндээс гарсан иргэдийг гэрт нь хүргэж өгөх автобусны системийн хамт цогцоор нь маршрут гарган төлөвлөсөн байна. Ингэхдээ тэдгээр газруудын менежмент ба үйл ажиллагаа хоёрыг нягт уялдуулахад анхаарсан.
Энэ ажилд орон нутгийн төрийн бус байгууллагууд, худалдаа аж үйлдвэрийн тэнхимүүд зэргээр хамааралтай талуудыг ч татан оролцуулсан. Олон талыг оролцуулсан багаар зарим санал санаачлага, төслүүдийг зөвшөөрч, заримыг татгалзах зэргээр нилээд олон хэлэлцүүлэг, шүүн тунгаах ажиллагаа явуулсанаар үйл ажиллагаа явагдах орчин, зохион байгуулалтын арга, байгууллагын доторх ба гаднах хөдөлгөөний динамик зэргийг уялдуулан судалжээ. Эрдэмтэд төрийн үйл ажиллагааг стратегийг олигтой төлөвлөх гэхээс илүү худлаа дүр эсгэж, попордог гэж шүүмжилсэний эсрэг сайн туршлага бүрдүүлэхээр хичээсэн нь төлөвлөлтийг цөөхөн удирдах ажилтан гаргахаас илүү олон талын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж дэмжүүлэх, тоон статистикт суурилан сохор шийдвэр гаргахаас зайлсхийж, зөөлөн аргаар буюу илүү чанарын судалгаа хийж, хүмүүс яг бодит амьдралын орчинд юуг туулж байна, юунаас урам зориг авч байна, юунд зөнгөөрөө татагдаж байна, хаагуур алхаж байна, хаана нийтийн тээвэрт сууж байна гэхчлэн практик ажиглалтууд хийж, бодлого үр нөлөөгөө өгөх эсэхт прогноз хийсэн байна.
Тиймээс стратегийн менежментэнд тухайн нэг асуудалд нөлөөлөгч хүчин зүйлсийг бүрэн зураглаж ойлгох, бодлогын хувилбарууд дэвшүүлж, оновчтойг сонгох, бодлогын хувилбар бүрийн хэрэгжих чадамж ба үзүүлэх үр нөлөө, зардал ба бусад эрсдэлийг харьцуулан дүгнэжээ. Хамгийн гол нь стратеги төлөвлөлтийг ойлгож дэмжих, хэрэгжүүлэлтийг нөөцөөр хангах удирдах ажилтнуудын үүрэг оролцоо, манлайла маш чухал байдгийг дурдахын хамт үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх багт үргэлж мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, дэмжлэг хэрэгтэй байдгийг анхаарч, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, зөвлөхүүдийн үгийг ажлын төлөвлөлтөнд тусгадаг байхыг ойлгуулжээ. Ингэснээр зам тээврийн байгууллагын удирдлага нь зөвхөн зам, урсгал, маршрут, замын орц гарцад анхаарахаас гадна эргэн тойрны үйлчилгээний байгууллага, айл өрхүүдийн хөдөлгөөний тооцоолол, түүнд баяр ёслол, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал, жуулчны улирал гэх мэт соёлын хүчин зүйлсийг ч анхааран тооцож байхыг сургажээ.
Дүгнэлтэнд, эдгээр өөрчлөлт сайжруулалтыг хийхийн тулд байгууллагын үйл ажиллагааны шийдвэр гаргалтанд дээд удирдлагын манлайлал чухал бөгөөд хүнд суртал үүсгэсэн, хуучинсаг соёлын хүчин зүйлсийг байгууллага дотроо эхлээд өөрчлөхийн чухлыг онцолжээ. Хамгийн чухал нь менежментийн тогтолцооны суурийг сайтар бүрдүүлэх, байгууллагын стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийг нягт уялдуулах, өөрчлөгдөж буй орчин нөхцлийг ажиглан уян хатан байдлаар зохицуулж байх хэрэгтэй аж.
АНУ-д 2010 онд хэлэлцүүлж байсан энэ сэдэв МУ-д одоо ч хэрэгтэй, чухал өнцгийг дурдсан байна. Хамгийн гол нь төрийн байгууллага дотор менежментийн тогтолцоог сайн байлгахыг чухалчилжээ.
Б.Оюунтөгс.
2024.12.13