Бодлогын сайн туршлага: Төрийн удирдлагад Иргэдийн саналыг сонсох, оролцуулах тухай

Оксфордын Их Сургуулийн Олон Нийтийн Бодлогын сургалтаас (Public policy = Төрийн удирдлага ч гэдэг):

1. Хэрэглэгчийн судалгаа яагаад чухал вэ?
2. Иргэдийг бодлого тодорхойлох процесст хэрхэн оролцуулах вэ?
3. Үр нөлөөтэй менежментийн зохион байгуулалт, сонсголыг ашиглах нь

1]. Хэрэглэгчийн судалгаа
(This article was written by Alexandra Tkac Posypankova, user researcher at Creative Industry Košice – Энэ бүлгийг Креатив Индастри Косиче-н хэрэглэгчийн судлаач Александра Посипанкова бичсэн)

Төр улсын бодлогын асуудал нь эцсийн хэрэглэгч, энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Гэвч бодлого боловсруулах явцад тэдний саналыг авч хэлэлцдэггүй байх нь элбэг.

1.1. Олон нийтийн удирдлагын салбарт хэрэглэгч гэж хэн бэ?
– Судалгаатай бол УИХ, ЗГ иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодлогыг загварчилж чадна. Төрийн удирдлага буюу олон нийтийн удирдлагын салбарт эцсийн хэрэглэгч нь тухайн улс орны энгийн иргэд байдаг, бүх бүлгийн иргэд багтана.

– Тухайлсан сэдвээрх бодлогын шийдвэрийг төлөвлөх гэж буй бол таны эцсийн хэрэглэгч нь тухайн асуудлаарх харилцаанд ордог хүмүүсийн бүлгүүд байх болно.

– Шийдэл нь: Иргэдээс мэдээлэл авах, ярилцах, хэрэгцээг нь бүртгэж авах, зан үйл ба мотивацийг нь хэрэглэгчийн судалгаагаар тодорхойлох. Тэрхүү мэдээлэлд үндэслэн, хэрэглэгчдийнхээ гол асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохоор бэлтгэж чадна.
– Бодлогын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг талын санал зөвлөмж эсвэл цөөн хүний бүлгийн саналаар зохион бүтээж болохгүй. Олон талыг оролцуулж, энгийн иргэд ба ашиг сонирхол нь зөрчигдөх талуудаас судалгаа авах хэрэгтэй.

1.2. Хэрэглэгчийн судалгаа бодлого боловсруулахад хэрхэн нөлөөлөх вэ?
– Бодлого боловсруулагчид одоо ч гэсэн судалгаанд үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа. Гэхдээ тэд ихэвчлэн статистик болон датаг хардаг. Өөрөөр хэлбэл, тоон судалгаанд анхаардаг. Харин нийгмийн асуудлын хувьд, хэрэглэгчийн чанарын судалгаа хийх шаардлагатай.
– Тоон судалгаа нь нийгэмд юу болж байгаа, юунаас болж байгаа ерөнхий чигийг харуулдаг. Харин чанарын судалгаа нь хүмүүсийн дотор бодогдож, мэдрэгдэж буй “бодит байдлыг” мэдэхэд тусалж, тоон судалгааны сул талыг нөхдөг. Хүний толгой дотор бүрэлдэж буй бодлууд удаан хугацааны дараа бодит үйлдэл болж, нийгэм дэх трэнд үүссэн байдаг гэж бодвол одоо статистикаар харагдаж байгаа үзэгдлээс цааш юу болох гэж байгааг хүмүүстэй хийх ярилцлагаас мэдэж болно.
– Тэтгэврийн насныхан, ганц бие ээж аавууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчгүй хүүхдүүд, өөрийн орон байргүй түрээсээр амьдардаг иргэд, гэрт амьдардаг иргэд гэхчлэн эмзэг бүлгийн хүмүүсээс, тэдэнтэй тулж ажилладаг нүүрэн талын ажилтнуудаасаа мэдээлэл авахыг хэзээ ч мартаж болохгүй.
– Бүх талаас мэдээлэл аваагүй, чанарын мэдээлэлгүйн улмаас бодит байдалд нийцээгүй бодлого гарах, хууль журмууд нь амьдралд хэрэгжихгүй байх алдаа маш их гардаг.

1.3. Бид юуг мэддэг байх хэрэгтэй вэ?
– Хэрэглэгчийн судалгаа хэрэгтэй боловч чанартай хийхгүй бол нэмэргүй. Чанартай нийгмийн судалгаа хийхэд цаг хугацаа, нөөц хэрэгтэй.
– Хэрэглэгчидтэй ярилцах гэдэг бол зөвхөн эхний алхам. Датагаа бүрэн зөв цуглуулах, алдааны магадлалыг шалгах, цуглуулсан датаг боловсруулах гэдэг бол хамгийн чухал бөгөөд хэцүү хэсэг.
– Хэдий нөөц бага байсан ч бодит хэрэглэгчдээсээ цөөн хувьд нь судалгаа хийсэн ч болно. Цөөн хүний бодит мэдээлэл авах нь өөрөө үнэ цэнэтэй мэдээлэл.
– Төрийн байгууллагууд ийм судалгааг хийхэд цааргалангуй байдаг нь алдаа болдог. Үүнийг хийхэд тэвчээр, зориулалт шаардана.
– Чанарын судалгаагүй, зөвхөн тоонд үндэслэн шийдвэр гаргах нь иргэдийг судалгааны үр дүнд итгэхгүй болгох, төрийн бодлого шийдвэрийг элэглэх буюу удирдлагуудад үл итгэхэд хүргэдэг.

2]. Иргэдийг бодлого тодорхойлох процесст оролцуулах нь
(This article was written by Miriam Levin, head of Community Action and Giving at the Office for Civil Society in the UK government- Энэ бүлгийг Их Британийн ЗГ-н Иргэний Нийгмийн Оффисын олон нийтийн үйл ажиллагааны газрын дарга Мириам Лэвин бичсэн)
Иргэд төр улсын бодлогын асуудалд анхаарал хандуулж, оролцмоор, саналаа хэлмээр байдаг ч бодлого боловсруулах ажлын үндсэн процесст энэ ажил тусаагүй байх алдаа бий. Угтаа бол хууль журмын холбогдолтой судалгаа, боловсруулалт, шинэчлэлт, өөрчлөлтийн бүхий л процессын хамгийн эхний чухал алхам нь “Иргэдийг оролцуулж, саналыг нь авах” байх учиртай.

2.1. Иргэд бодлогод үгээ хэлж чаддаг уу?

– Иргэдийн 57 хувь нь орон нутгийнхаа шийдвэр гаргалтанд оролцох хүсэлтэй байдаг. Гэвч дөнгөж 26 хүртэл хувь нь шийдвэр гаргагчдад үгээ хэлж чадна гэж боддог. Их Британийн ЗГ-н Дижитал хөгжил, Соёл, Спортын хэлтсийн хувьд энэ зөрүүг арилгахад анхаарч ажилладаг.
– Энгийн иргэд өөрийн амьдран суудаг газар, орчин тойрны хувьд сайжруулах зүйлсийн хэрэгцээг мэдэж байдаг тул өөрчлөх бодлогын асуудалд нь нөлөөлөх, саналаа хэлэх хүсэлтэй байдаг. Гэвч тэд яаж үгээ хүргэх, хэнтэй харьцах, яаж асуудлыг шийдэх талаар мэдлэггүй байдаг учир өдөр бүр бодлогын асуудлыг анхаардаггүй, нөгөө төлөөс төр нь тэдний саналыг ч асуудаггүй.
– Их Британид 2019 онд Бодлогод Оролцуулах Байдлын судалгааг Хансардын Нийгэмлэг аудит байдлаар гүйцэтгэсэн ба үр дүнд нь хариулагсдын 42% нь бүс нутгийнхаа бодлогод нөлөөлж чаддаггүй гэж хариулсан нь 2004 оноос хойш хамгийн муу үзүүлэлтийг рекордыг эвдсэн.

2.2. Тэгвэл ардчилсан нийгэмд бид хэрхэн иргэдээ сонсдог болох вэ?

– Иргэдийн хурал (citizens’ assemblies) -г зөв сонгон ажиллуулж чадвал, тэд иргэдийн үгийг дуулгах гол суваг болж, үр дүнтэй ажиллаж чадна.
– Иргэдийн хуралд нийт ард иргэдийн олон өөр бүлэглэлийг төлөөлөх талуудыг оролцуулах хэрэгтэй. Тухайлбал, нас, хүйс, яс үндэс, боловсролын зэрэг, гэр бүлийн байдал, орлогын түвшин, улс төр ба шашны үзэл баримтлал зэргээр олон өөр бүлгийг төлөөлж чадах янз бүрийн хүмүүсийг оруулах нь чухал. Тэд тухайн бүлгийн хүмүүсийн хэрэгцээ, хүлээлтийг төлөөлж, дуу хоолой болно.
– Төлөөлөх иргэд дангаар ажиллах нь үр дүнгүй. Тэд салбар бүрийн асуудлаар мэргэшсэн экспертүүдийг цуглуулан оролцуулж, санал зөвлөмжийг нь сонсох чухал. Мөн тэдэнтэй хамт бодлогын асуудлыг тал бүрээс нь хэлэлцэх хангалттай цагтай байх хэрэгтэй. Зөвлөх экспертүүдийн саналын дараа иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрсдөө хуралдана.
– Энэ хурлын гаралт нь асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй санал зөвлөмжүүд байх ба иргэдийн дэмжлэгийг авсан байх хэрэгтэй. Энэ нь бэлэн болсон бол бодлогыг хууль, журам болгон баталдаг байгууллага руу шилжинэ.
– Энэ байгууламж байхгүй эсвэл зохих ёсоор ажиллахгүй байгаа улс оронд төрөл бүрийн гадаадын улс төрийн байгууллага, нэг талыг төлөөлсөн төрийн бус байгууллагууд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан санал зөвлөмжийг төрийн байгууллагууд руу хүргэх аюул бий.
2.3. Жишээ

– Австралид, тус төвийн өмнөд хэсэг дэх говь цөл газарт цөмийн хаягдал булшлах эсэхт иргэдийн хурлын саналыг асуусан юм. Нэг талдаа аюултай хог хаягдал боловч нөгөө талдаа асар их төлбөр мөнгө авч чадах орлогын урсгал байсан. Иргэдийн хурал нь 6 хоногийн турш хуралдаж, 70% нь эсрэг санал өгсөн ба түүнийг ЗГ нь дэмжиж, саналыг дагасан:

– Ирландад, 2016 онд улс даяарх үр хөндөлтийн асуудлыг хэлэлцэхээр санамсаргүй түүврээр 100 хүнийг сонгож хэлэлцүүлсэн. 56 настай Жон үг хэлж эхлэхдээ, дунд түвшний өрхүүдэд ямар асуудал тулгардаг кэйсийг хэлж эхэлсэн. Түүнчлэн хүн бүр бодит амьдралд тохиолддог, нотлох баримттай асуудлуудыг ярьсан ба тэнд буй иргэд бүгд эцэг эх болох хүн нь хүүхдээ төрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байх нь зөв, ирээдүйд хүүхдийн аюулгүй байдал ба нийгмийн ядуурал, гэр бүл салалт, хүмүүжилгүй өнчин хүүхдүүд өсөх зэрэг олон асуудлаас сэргийлэх боломжтой талаар мэдээлсэн. Ингээд саналыг үндэслэн улс даяар үр хөндөлтийг чөлөөт сонголт болгосон нь бусад олон талыг шоконд оруулсан боловч тухайн улсын иргэдийн нийгмийн асуудалд чухал шийдвэр болсон. Эцсийн дүндээ тэдгээр иргэдийн амьдрал яригдаж байгаа шүү дээ.

2.4. Ардчиллыг инновацижуулах хэрэгцээ

– Их Британийн ЗГ нь Иргэний Нийгмийн Оффис гэх иргэдийн оролцоо ба иргэний нийгмийн байгууллагуудыг хариуцан санал хүсэлтийг нь авдаг, бодлогод оролцуулдаг тусдаа нэгжтэй. Тэр нь иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх, төр улсын хэмжээнд иргэдийнхээ аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдалд бодит хувь нэмэр оруулж буй эсэхийг хариуцан хянаж, тайлагнадаг.

– Дараах бэлтгэл суурь бүрдсэн байх хэрэгтэй:
a) Нөгөө талаас идэвхитэй иргэд, тэдний ур чадвар, итгэл үнэмшил, үгээ бодлогод хүргэх зориг хэрэгтэй.
b) Хүмүүсийн бүлгэм, нийгэмлэг, хүссэн хүн бүр цуглах, асуудлыг хэлэлцэх орон зай, байр сав, онлайн орчин бэлтгэж өгсөн байх хэрэгтэй.
c) Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд гэхчлэн олон нийтийг хамарсан бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч байгууллагууд нээлттэй болох хэрэгтэй. Тэдэнд хуримтлагдсан хүч, эрх мэдэл, мэдээллийн урсгалыг иргэдтэй хуваалцсанаар иргэдтэйгээ хамтран ажиллаж, нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх боломж бүрдэнэ.

– Их Британид энэ зорилгоор Орон сууцжуулалт, Нийгмийн бүлэг, Орон нутгийн засгийн газрыг хариуцсан яаманд  “Ардчилал дахь инноваци” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ардчилал гэхээрээ иргэний нийгмийн байгууллага нь зөвхөн хяналт шахалт тавьдаг уламжлалт хандлагыг өөрчилж, Засгийн Газар нь зориуд бүтэц бий болгож, иргэний нийгмийн асуудлуудыг хэлэлцэж, иргэдийн саналыг хүлээн авдаг, ардчиллыг шинэлэг байдлаар хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

– Ардчилал дахь инноваци хөтөлбөр нь орон нутаг, бүс нутаг, нийслэл дэх гэхчлэн байршил бүр дэх иргэдийн хурлуудыг санал хүсэлтээ идэвхитэй өгч, оролцоотой байх, шийдвэр гаргах ба гаргасан шийдвэрийн үр нөлөөг хамт хэлэлцдэг, хамт үр дүнгээ үздэг байхад уриалж байгаа.

– Иргэдийн хурлыг инновацижуулсан энэ хөтөлбөр нь хурлаа онлайнаар хийх, саналаа онлайнаар авах зэргээр иргэдийг оролцуулах боломжийг нээлттэй, орчин үеийн аргаар шийдэж буй. Энэ нь ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн итгэлийг өсгөж байна.

2.5. Жишээ

– Кэмбридж хотод иргэд нь хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг дээшлүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх талаар санал зөвлөмж гарган хүргүүлсэн. Кэмбриджийн иргэдийн хурал нь 4 өдөр хуралдахдаа 2 хагас бүтэн сайн өдрүүдээр хуралдсан нь үндсэн ажилтай хүмүүс саналаа өгөх боломжтой хугацаа байв.

– Английн өмнөд эргийн Тэст Валли-д иргэдийн хурал нь хотын төвийн тохижуулалт, архитектурыг сайжруулах, иргэдийн амрах зугаалах талбай гаргаж, цэцэрлэгжүүлэх асуудлаар хотын мастер төлөвлөгөөнд сайжруулах санал өгсөн.

– Бирмингам хотын гаднах үйлдвэрийн бүс болох Дюдлид иргэд нь хэрхэн хотхоноо иргэдэд ээлтэй, жуулчдыг татсан, олон төлөөллийг амьдруулдаг бүс болгон хөгжүүлэх талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагадаа санал өгсөн.

2.6. Үр дүн

– Энэ мэтчилэн өгсөн санал зөвлөмжинд орон нутгийн удирдлагын байгууллага нь хамгийн багадаа хариу өгөх, цаашлаад төлөвлөн гүйцэтгэх боломжийг танилцуулах, хэрэгжүүлсэн бол үр дүн тайлагнах үүрэг хүлээсэн. Хэрэв ямар нэг саналыг нь хэрэгжүүлээгүй бол ямар учраас ийм шийдвэр гаргаснаа иргэд олон нийтэд тайлбарлах үүрэгтэй.

– Энэ туршлага нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол шийдвэр гаргагчдын гадна байдаг, дангаараа ажилладаг субъект биш, бодитоор бодлогод нөлөөлдөг, одоогийн ардчиллын бүтцийг сайжруулсан тогтолцоо болсон гэж харж байгаа.

– Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад энэ нь тухтай бүсээсээ гарч, энгийн иргэдээ сонсдог байх, хариулдаг байх, дураараа шийдвэр гаргадаггүй байх явдлыг халсан үзэгдэл болж байна.

– Орон нутгийн захиргааны байгууллага бүрийг тухайн бүст үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сангууд, судалгааны институциуд, эксперт мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд нь хамтран ажиллаж дэмждэг, бүгд хамтдаа онлайнаар нэгдэж цуглаж болдог, эргээд иргэдээсээ ч суралцдаг ажил болсон.
– Хөтөлбөрт оролцох иргэдийн цуглах ажлыг санхүүжүүлэхэд 60,000 паунд буюу 270 сая орчим төгрөгийг төсөвлөж өгсөн. Энэ нь иргэд оролцох хүсэлтэй л бол төр нь сонсоно гэдэг уриаг иргэдэд хүргэж байна.

– Мөн иргэдийн хурлыг ТВ-н нэвтрүүлгүүдээр шууд дамжуулах, сошиал мэдиа-р түгээх зэргээр хэвлэл мэдээлэлд орон зай гаргаж өгсөнөөр “Төр, нийгмийн гэрээ” бодитоор хэрэгжиж буй юм. Ингэж санал хүсэлтийг нь ил тодо авчихаад, төрийн байгууллагууд нь ямар нэг сайжруулалт хийхгүй, үр дүн гаргахгүй юм бол иргэдийн итгэлийг улам л алдана. Тиймээс хариу өгдөг байх, шийдвэр гаргахдаа саналыг нь тусгадаг байх, тусгасан тусгаагүй шийдвэрээ эргэн тайлагнадаг байхад бүх түвшний байгууллагад ЗГ-с хүчтэй шаардлага тавьж байгаа.



Дүгнэлт: Энэ сайн туршлагыг Монгол Улс маань мөн хэрэгжүүлэх боломжтой.

Манай улсад нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлж, баг ба хороо нь иргэдийн шууд оролцоог хангуулна гэсэн боловч яаж хэрэгжүүлэх арга механизм, төсөв, мэдээллийн урсгал нь шийдэгдээгүй байдаг.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн төлөөлөгчдийн хуралтай, түүний эрх олгосноор Засаг дарга нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

Гэвч ЗГХЭГ, Яамд, Агентлагууд бодлого тодорхойлохдоо тэдний саналыг хүлээн авч, хууль журмандаа тусгасан эсэхээ тайлагнах тухай заалтгүй. Зөвхөн нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрөөс хараат бус байх буюу хуулиар олгосон чиг үүргийг биелүүлнэ, нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах гэсэн утгаар орсон байдаг.

Иргэдийн саналыг сонсоно гэж байгаа ч тэр нь хэнээс хэзээ, ямар хугацаанд санал авдаг нь бүртгэл баримтгүй, нийтэд ил тод биш учир энгийн иргэд хяналт тавих боломжгүй. Мөн хэзээ саналыг сонсоод, ямар бодлогод тусгаж шийдвэрлээд буйд хариу өгдөггүй тул иргэд мэдээлэлгүй байдаг.

Тэгвэл ийм байгууллагуудад бодлогоор хяналт тавьдаг функци ЗГ-н дэргэд ажиллаж, яаж ажиллах ёстой талаар нь заавар стандарт гарган өгч, нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан ард олонд нээлттэй мэдээлэл хүргэснээр “хяналтын тогтолцоотойгоор” бүрэн зөв ажиллуулдаг юм байна. Үүнийг “Инновацилаг иргэдийн хурал” гэжээ.


Бусадтай хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд