ХБНГУ нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх менежмент, засаглалдаа ардчиллын үнэт зүйлсийг шингээж өгсөн байдгаараа сайн туршлагатай юм байна. Ялангуяа, чөлөөт эдийн засгийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг утгаар нь хэрэгжүүлдэг аж.
“Яаж вэ?” гэвэл яамд, агентлагууд нь бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэлтийг харин хувийн байгууллагуудад гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлдэг. Төрийн үйл ажиллагааг ТББ ба ХХК-тай гэрээ байгуулан, шаардлагаа тавьж, эрхээ өгөх ба тэдгээр байгууллага нь өөрөө олон улсын байгууллагуудад зөвшөөрөгдөж, олон улсын системд бүртгэгдэх, хэрэглэгчдэдээ хэрэгтэй үйлчилгээ үзүүлж, зах зээлийн зарчмаар өөрийн орлогоо бүрдүүлэх, ЗГ-с бүрэн хараат бус үйл ажиллагаа байх нь гол зохицуулалт аж.
Жишээ дурдвал, 1] Герман Улсын Стандартчиллын төрийн байгууллага нь DIN. Энэ байгууллага өөрийн үйл ажиллагааны статусыг төрийн байгууллага гэж нэрлэдэггүй, харин “Манайх олон нийтийн байгууллага” гэх нь тодхон сонсогдож, бас сонихон санагдав. Энэ үгний ард “бид иргэд олон нийтдээ үйлчилдэг шүү” гэсэн утга.
ДИН өөрөө Төрийн бус байгууллага (ТББ)-н статустай, Засгийн Газартай гэрээ байгуулж, эрүүл мэндийн салбараас бусад бүхий л инженер техникийн стандартуудыг зохион бүрдүүлэх, батлах, худалдаалах, байгууллага болон иргэдэд сургалт мэдээлэл өгөх ажлыг хариуцдаг ажээ. Ингэхдээ:
1. ДИН ТББ нь стандартчиллын байгууллага буюу толгой компанийн адил үүрэг гүйцэтгэж, Герман Улсдаа 37,000 мэргэжлийн инженер, эксперт хүмүүсийг гишүүнээр ажиллуулж, үүнээс 3800 орчим өндөр түвшний мэргэжилтнүүд, инженерингийн компанийн захирал, инновацилаг технологи бүтээгчдийг стандарт батлах төслүүдэд буюу техникийн хороодод тогтмол ажиллуулдаг байна. Энэ байгууллагад төсвөөс цалинждаг нэг ч хүн ажилладаггүй, гэхдээ зарим тохиолдолд төрийн байгууллагаас зарласан төсөл тэндэрт хамтран ажиллах, төлбөртэйгөөр ажил гүйцэтгэж өгөх тохиолдол байдаг. (https://www.din.de/en)
👍 DIN-ий гол алсын хараа бол “Герман улсын үйлдвэрлэлд хэрэглэх стандартуудыг орчин үеийн техник технологийн дэвшилд нийцүүлэн бид урьдчилан боловсруулна, бүх үйлдвэр үйл ажиллагаа стандартыг хэрэглэн ажиллах шаардлагатай”. Тиймээс орчин үеийн технологи орж ирсэний дараа олон улсын стандартыг орчуулан ашигладаг, ажил явагдсаны дараа арга хэмжээ авдаг манай улсын реактив арга барилаас ялгаатай тал нь тэд хэрэглээнд нэвтэрч буй хиймэл оюун ухаан, робот технологи, сансрын технологиудыг инженерүүдтэйгээ хамтран проактив байдлаар судлаад, түүнийг стандарт болгон боловсруулдаг. Үйлдвэрлэл эрхлэх үед нь тэдгээр стандарт боловсруулагдчихсан, бэлэн байх ёстой гэж үздэг байна.
👎 Мөн аливаа олон улсын стандартыг өөртөө хуулж авахаас илүү, өөрсдөө зохион бүрдүүлээд бусад орны томоохон олон улсын байгууллагуудаар зөвшөөрүүлэх ажлыг хийдэг. Ингэснээр “бид дэлхийн стандартын чанарыг барина”, тиймээс бид олон улсад зөвшөөрөгдсөн гэдгээ нотлох нь чухал гэж хатуу итгэдэг нь уулзаж ярилцах үеэр дахин дахин дурдагдаж байлаа. Манай улсад “монголчлох”, “гадаад стандартыг монголдоо нутагшуулж, тохируулж авах” гэх зэрэг яриа сонсогддог нь буруу байх нь ээ. Харин тэр “монгол аргаа олон улсын түвшинд зөвшөөрөгдөхүйц” болгох тухай ийнхүү Герман Улс үзэл баримтлалаа болгон ажилладаг байна. Нэг нь гаднаас дотогш өөрчилж авах тухай, нөгөө нь доторх ажлаа гадагш гаргаж зөвшөөрүүлэх тухай хоёр өөр үзэл бодол.
Энэхүү ТББ-н дор ДИН Мэдиа ХХК, ДИН Софтвэйр ХХК ажиллана:
2. ДИН Мэдиа ХХК нь вэб сайтаарх стандартын борлуулалтыг хариуцдаг. Ингэснээр онлайн үйл ажиллагаа алдаагүй, сайн хөгжүүлэлттэй байх, худалдаанаас орлого ашиг олох, түүгээрээ ажилтнуудаа цалинжуулах, бизнесээ өргөтгөх байдлаар ажилладаг. Nautos Standards Manager гэдэг апп хөгжүүлэн, байгууллагуудад түгээдэг. Энэ байгууллагад төсвөөс цалинждаг нэг ч хүн ажилладаггүй, цэвэр зах зээлээс орлого ашгаа олдог. Ашигтай байдаг учир компанийн сайн захирал энэ ажлыг сэтгэлээсээ хийж, салбараа хөгжүүлж чаддаг байна. (https://www.dinmedia.de/de/normen-management)
3. ДИН Софтвэйр ХХК нь аж ахуйн нэгж байгууллагуудад стандартыг ойлгуулах ажил хийдэг. Байгууллагуудад стандартын тохирлыг хангах, хуулийн нийцлийг хангах, худалдан авалтаас эхлээд борлуулалт хүртэл бүхий л үйл ажиллагаагаа стандартын дагуу цэгцтэй явуулахад нь туслах зорилгоор программ хангамж хөгжүүлж өгөх, сургалт зөвлөгөө өгөх ажил хийдэг. Энэ нь байгууллагууд инженеринг, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлаа стандартаас гажууд хийхгүй байх, стандартын дагуу төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнахад ашиглагддаг сайн туршлага. Стандартгүй зам барьж, стандартгүй барилга ашиглалтанд орох асуудал энэ улсад байхгүй нь энэ үйлчилгээтэй холбоотой. Бизнесүүд стандартыг ойлгох, сурах, хэрэглэх аргаа эндээс заалгаад авдаг байх нь. (https://www.dinsoftware.de/de/dienstleistungen/normenrecherchen)
Дараагийн жишээ нь 2] Герман Улсын Итгэмжлэлийн байгууллага болох DAKKS. Энэ нь улсдаа нэг л байдаг, олон нийтийн үйл ажиллагааг итгэмжлэлийн салбарт хариуцдаг байгууллага. Мөн ХХК статустай, ашгийн төлөө, төсвөөс цалинждаггүй, цэвэр бизнесийн концепцид суурилан, төсөл хөтөлбөр болон үйлчилгээгээрээ өөрийгөө санхүүжүүлж ажилладаг. (https://www.dakks.de/en/home-en.html)
Герман Улсын олон нийтийн байгууллагууд, яамд, агентлагуудын нэгэн давуу тал нь тэд бүхий л багш, зөвлөх, аудитор, шинжээч хэрэгтэй болсон ажилд DAKKS-р итгэмжлэгдсэн байгууллага, мэргэжилтнүүдийг ажиллуулдаг.