Colin Talbot Msc, Georgia State University
DEVELOPING STRATEGIC MANAGERS FOR UK PUBLIC SERVICES – a competing values and competences approach
London School of Economics and Political Science, University of London.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (UK)-н нийтийн үйлчилгээний салбарт стратегийн менежерүүдийг бэлтгэх нь – үнэ цэнэ ба чадамжийг хослуулсан аргачлал
Уншсан тэмдэглэл:
* UK-г Их Британи гэж товчлов.
- Танилцуулга
“Төрийн захиргаа” гэж хуучин ойлголтыг Политт 1993 онд менежерализм, Хүүд 1991 онд шинэ олон нийтийн менежмент болгон өөрчлөх хэрэгтэй гэж Их Британи ба АНУ-н бодлого тодорхойлогчдод уриалсан. Нийтийн удирдлагын реформ 1980-аад оноос эдгээр орнуудад хүчтэй өрнөж, сайн туршлагыг нь суралцан бусад орнууд өөрийн хувилбар шинэчлэлийг санаачлах болсон. Энэхүү шинэчлэлийг улс төрчид, тэдний орон тооны ба орон тооны бус зөвлөхүүд нааштайгаар хүлээн авсан ба 1990-ээд онд “олон нийтийн албан тушаалуудыг дахин тодорхойлъё”, “засгийн газрын ойлголтыг шинэчилье”, “олон нийтийн салбар дахь менежментийн онцгой шинж чанарт шалгуур тавья” гэсэн эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, номнууд олноор гарсан. Харров Талбот нар 1994 онд олон нийтийн менежментийг иргэдийн оролцоог хангуулах санаачлагын хүрээнд шинэ ач холбогдлын шилжилтийг онцолж, төрийн менежмент нь одоо тэр зүгт хөгжиж байгаа аж.
Ингэснээр энэ судалгааны хүрээнд олон нийтийн салбарын менежерүүдийн ур чадварыг хэрхэн стратеги менежерүүд болгох вэ, нийтийн салбарын менежерүүдэд хувийн салбараас ялгаатай байдлаар анхаарах зүйлс юу вэ, шинэ чадамжийг хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэгт анхааран хариулт өгсөн. Улмаар энэ судалгааны үр дүнд менежерийн түвшний ажлын онцлогийг онолууд зөрчилтэй байдлаар томъёолдог ба уламжлалт рациональ арга барил нь Японы менежментийн онолд тодорхойлсон амжилт гээчийг гаргахын тулд үнэ цэнийн төлөө ажилладаг ажилтнуудтай байх, нөгөө талаас байгууллагыг хяналттай менежментээр чиглүүлэх гэсэн 2 утгыг зэрэг шаардах гэж оролдсон нь биелэх боломжгүй зөрчилтэй 2 арга барилыг хольсон байна гэж үзжээ. Учир нь ажилтнуудыг хянах ба урамшуулах гэдэг зөрчилтэй 2 санааг зэрэг хэрэгжүүлэх нь боломжгүй ба хяналт нь алдааг шүүмжлэх, шийтгэх утга санааг илэрхийлдэг байхад тийм нөхцөлд шинэ санал санаачлага гарна гэхэд хэцүү.
Энэ 2 ялгаатай арга барилыг хэрэгжүүлдэг удирдах ажилтны сэтгэлгээ нь ялгаатай гэсэн үг. Нэг нь ажилтанд хариуцлага тооцох, шийтгэх, захиран тушаах зан хандлагыг дэмждэг, хянагч төрлийн хүн байхад нөгөө нь бусдад туслагч, дэмжигч, чиглүүлэгч, багаар ажилладаг, бусдыг оролцуулдаг сэтгэлгээтэй хүн байна. Энэ нь удирдах түвшний ажилтны үнэ цэнийн мэдрэмжийн суурь ялгаа бөгөөд мэдлэг, ур чадварын хувьд ялгаатай шалгууртай. Гэтэл барууны соёл давамгай улсуудын менежментийн онолд байгууллага дотор ийм зөрчилтэй хоёр үнэ цэнийн зөрчил байдгийг үл тоодог. Харин энэ судалгааны үр дүнд тэрхүү байнгын зөрчилдөх хоёр хандлага, үзэл, арга барилын аль нэгийг шууд сонго хэмээн тулгахаас илүү хүн хүний онцлогт нийцүүлэн, байгууллагын бүх хамт олны нэгдмэл үр нөлөө байдлаар уялдуулж, хослуулан ашиглах боломжийг судалсан. Ингэснээр хувийн болон төрийн менежментэд хувь хүний энэхүү үзэл хандлагыг хэрхэн менежментийн шийдвэрт ил тодоор ашиглах, ил болгон ангилж таних, стратеги менежмент ба хөгжлийн ажилд хэрхэн авч үзэх талаар онолын шинэ шийдэл гаргасан.
- Судалгааны арга зүй
Стратегийн горим, стратегийн дэд тогтолцоо зэргийг нийтийн удирдлагын менежментэд хэрэглэж үзэн турших, онол томъёолохдоо энэ мэт асуудлыг хэрхэн илрүүлж байх талаар санал дэвшүүлсэн.
1-р бүлэгт нийтийн удирдлагын салбарыг ерөнхийд нь болон түүн доторх төрийн үйлчилгээ, улс төрийн албан тушаал, захиргааны албан тушаалуудын хувьд ялгаатай авч үзсэн.
2-р бүлэгт ерөнхий стратегийн менежментийн ойлголтыг төлөвлөлт, сурах процесс, улс төр, алсын хараа гэсэн 4 парадоксын хувьд задлан онолын үндэслэлүүдийг судалсан.
3-р бүлэгт энэ судалгаанд ашигласан арга зүй боох ялгаатай үнэ цэнэ ба зөрчилтэй ур чадваруудын онолыг тайлбарласан.
4-р бүлэгт эдгээр парадокс тус бүрт удирдах ажилтны боловсрол, сургалт хөгжүүлэлт, өөрийн үзэл хандлага болон улс орны хүний хөгжлийн системийн үр нөлөө зэргийг тодруулсан.
5-р бүлэгт судалгааны стратеги, арга зүйг, 6 ба 7-р бүлэгт судалгааны үр дүнг, 8-р бүлэгт дүгнэлт зөвлөмжийг багтаажээ. Ингэснээр онолын орчинд шинэ анхаарах сэдвийг дэвшүүлж, цаашид судлаачид дэлгэрүүлэн судлах суурийг бүрдүүлэх нь энэ судалгааны гол зорилго байсан.
- Дүгнэлт
Нийтийн удирдлагын салбарын байгууллагуудын түвшингээс хамаарч менежерүүд нь ялгаатай боловсрол, мэдлэг, чадвартай байгаа ба удирдах ажилтны хувьд асуудлаа мэддэг, мэргэшсэн байхаас гадна сайтар сургагдаж бэлтгэгдсэн байх нь чухал гэж дүгнэжээ.
Стратеги төлөвлөлтийн чадавхи байгууллагын болон хэлтэс нэгжийн түвшинд, байгууллага хооронд, ялгаатай салбарын байгууллага хооронд ялгаатай байсан. Тиймээс байгууллага бүрийн онцлог, байршлын онцлог, сургалт боловсролын системийн онцлогоос хамаарч нарийвчлан судалж, орчин нөхцөлд нь тохирсон арга хэмжээ төлөвлөх шаардлагатай байгааг дурдсан.
Байгууллагын менежерүүд энэ сэдвийг ялгаатай хандлагаар хүлээн авдаг төдийгүй байгууллагын стратеги нь ямар байгаагаас хамаарч нааштай хүлээн авах эсэх нь ч ялгаатай байна.
Менежментийн тогтолцоог шинжлэхийн тулд менежерүүдийн эрхэмлэдэг зүйл, сурч бэлтгэгдэж ирсэн систем, сургалтын орчин ба онол хандлага, стратеги менежерүүдийн мэдлэгийн суурь болон түүнд стратегийн арга аргачлал, техникүүдийг хэрхэн сургасан нь ихээхэн нөлөөтэй байжээ.
Нийтийн салбарын менежерүүдэд Ишикавагийн диаграмм, воркшоп зохион байгуулах арга зүй, төслийн багийн менежмент, эрхэм зорилго тодорхойлолт, зах зээлийн судалгаа ба зардлын анализ зэрэг сэдвүүдээр мэдлэг чадвар дутагдалтай, хувь хүний чадавхи нь энгийн хувийн байгууллагад ажиллах шаардлагад ч хүрэхгүй байсан. Гэвч зарим хувь хүний хувьд сурч боловсрох талдаа анхаардаг цөөн хүмүүс сайн гүйцэтгэл үзүүлсэн. Нийт оролцогчид энэ сэдвийн талаар сурч мэдэхийг ч хүсэхгүй байхад маш бага хувь нь сураад авах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Иймд хувь хүн өөрөө сонгон суралцах хүсэлтэй эсэхт найдах нь үр нөлөө тааруу байх төлөвтэй учир нийтийн удирдлагын салбарын албан хаагчдад нийтээр нь бүрэн цогц мэдлэг чадвар олгох, стратеги менежмент хийх чадавхитай болгох нь чухал. Гэвч хувь хүний сурах хүсэл эрэмлзэл, юманд хандах хандлага нь сурах чадвартай шууд холбоотой байсан бөгөөд зарим хүн “эмоцийн ядаргаа”-нд орсоны улмаас залхсан, төвөгшөөсөн шинжтэй байдаг байна.