Оксфордын Их Сургууль: Бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх 5 нууц

Better Govs буюу “Илүү сайн Засгийн Газрууд” ТББ-н Гүйцэтгэх Захирал, Экуадор Улсын сайд асан, одоогийн дэд Ерөнхийлөгч Сандра Наранжо Баутиста-н Оксфордын Их Сургуульд танилцуулсан хичэлээс хүргэж байна. 

Эйнштэйн эрдэмтэн нэгэнтээ хэлсэн байдаг: “Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд юмсыг аль болох хамгийн энгийнээр бүгдэд ижил ойлгуул, гэхдээ бүр хэтэрхий энгийн болгож болохгүй”. Автор маань Харвардын Кеннедигийн Их Сургуулиас болон төр түшилцэж, бодлого хэрэгжүүлэх албанд зүтгэж ирсэн туршлагаасаа болон энэ чиглэлийн эрдэмтэн профессоруудтай ажиллаж суралцсан талаараа дурдаж, тэндээс сурсан 5 нууцыг хуваалцжээ. 

Нууц 1. Бодлогыг хэрэгжүүлэхийн хамгийн чухал нь Зорилгоо тов тодорхой гаргах. Мэдээжийн юм шиг сонсогдоно, гэхдээ бодитоор хийхэд тодорхой зорилго тогтоох нь хэцүү байдаг юм шүү. 

Зөв, хэмжигдэхүйц, нийгэмд бүтэцжиж биежээд, дэд бүтэцтэйгээ хамт зүй зохистойгоор хэрэгжээд явахуйц тийм бодлогын хэрэгжүүлэлтийн ажлыг төлөвлөнө гэдэг нь хойд зүгийг заагч Алтан Гадас од адил тов тодорхой зорилго, зорилтгүй бол үр дүнгээ өгдөггүй. Зорилго тодорхойлно гэдэг нь ямар нэг бичиг цаас, бодлого & алсын хараа & стратеги төлөвлөгөө & замын зураг нэртэй сайхан бичиг гаргаж батлаад дуусахыг хэлэхгүй. Ихэнхи ийм бичгүүдийг уншаад үзэхэд тодорхой биш л байдаг. 

“Тийм юм хийнэ, ийм юм бүтээнэ, тэгдэг болно, ингэдэг болно” гэж үйл үгээр илэрхийлсэн зорилтууд ихэнхидээ хэрэгжилтийн түвшинд очоод хэн нэг хүний хувийн үзэл бодлын нөлөөгөөр гажуудах, утга нь өөрөөр ойлгогдох, тоон хэмжилт болон хэмжих үзүүлэлтийг болгоомжтой зөв сонгоогүйгээс болж, хэн нэгний амбицад үйлчлэхээс өөрөөр нийгэмд томоохон үр нөлөө үзүүлж чадахааргүй, төсвийн цавчаа болон тэндрийн будлианд амархан ордог хэрэгсэл болж хувирдаг. 

Харин “тэдэн оны тэдэн сар гэхэд тэдэн байгууллагыг ийм ийм зүйлтэй болгож, үр дүнд нь тэдэн айлд ийм юмтай болно, тэдэн гудамж ийм болно, тэдэн ширхэг мод таригдаж услагдаж бүрэн амьдарсан байна” … гэх мэтээр хэн ч өөрчлөөд, буруугаар ашиглаад, эсвэл анх хүссэнээс өөр систем шахчихаад, тайланг хаачихаж болдоггүй, товч тодорхой зорилт л тогтоох нь чухал. Энэ зорилго зорилтыг боловсруулсан нэгэн хүн эсвэл нэг нэгж ойлгоод зогсохгүй, түүнийг хэрэгжүүлэхэд оролцох бүхий л талууд гуйвшгүй үнэнг нэгэн ижил түвшинд ойлгосон байх шаардлагатай. Хүн бүр өөрөөр ойлгох, өөрийнхөөрөө тайлбарлах боломж олгож л байвал зорилго тодорхой биш байна. 

Түүнчлэн зорилго ба зорилт гэдэгт юуг ойлгох вэ, эерэг ба сөрөг хэмжих үзүүлэлт, хөтөч ба бүртгэлийн хэмжих үзүүлэлтийг хэзээ юунд хэрхэн сонгох вэ гэдэг талаар бүгд мэдлэгжсэн байх нь чухал. Ингэж гэмээнэ, нийгэмд ямар үр нөлөө авч ирэхийг зорьж байгаагаа бүрэн тодорхой мэдэж буй баг, оролцогч талууд нэг ижил ойлголтын гараанаас нэгэн зүгт харж чадна. Үнэндээ урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх эсвэл хэдийнээ алдаа мадагтай болсон зүйлийг засах гэж байна уу гэдгээс хамаарч өөр стратегиар зорилго зорилтоо, хэмжих үзүүлэлтээ, хэрэгжилтийн хугацаа интервалаа ч тодорхойлдог. 

 

Нууц 2. Зорилгодоо хэрхэн хүрэхээ тодорхойл

Харвардын Стратегийн Гурвалжин гэгдэх аргачлалаар бодлогын сонголтуудыг үнэлж, яг ямар үр дүн бий болгох гэж байгаадаа төвлөр. 

Зураг: Моор, 1995: Нийтийн Бодлогын Пирамид 

 

Ажлыг багаар хийх үед ялангуяа олон талын санал бодол орж, гол зорилгоос хазайсан саналууд гарах нь бий. Тэгвэл ЗГ-н хэрэгжүүлэлтийн ажилд Зорилгоо Алтан Гадас од мэт дагах нь чухал гэж дээр өгүүлсэн. 

Тэр дагуу ажлын явцад хийж болохуйц, дэмжиж болохуйц, техникийн хувьд зөв асуудлууд гарч ирнэ. Тэр бүгдийг шүүлтүүрдэх аргачлал бол “Дэмжиж болохуйц, хийж болохуйц, техникийн хувьд зөв” гэсэн 3 шалгуурыг гурвууланг нь хангах, гол зорилгод үйлчлэхүйц тэдгээр ажлуудыг нь барьж авч төлөвлөх, хийх юм. 
  • Техникийн хувьд зөв: Хүсч байгаа өөрчлөлт яагаад заавал хийгдэх ёстой вэ, яаж хийх нь зөв бэ, гэдэг тал дээр та маш тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Ойлгохгүй бол асуу, судал, сургалт ав, бүх зүйлийг алган дээрээ байгаа мэт деталь бүрээр нь зөв ойлгосны дараа л шүүн тунгаах хэрэгтэй. Үүнийг бид “Өөрчлөлтийн онол” (Theory of Change) гэдэг. Энэ нь таны шийдвэр гаргалтанд авч үзэх ёстой асуудлууд нь “оролт” болж, ямар “гаралт”, “үр дүн” гаргах вэ гэдгийн ихэнхи хувийг шийддэг. Монголд онолын дагуу явдаггүй, онол бол хий хоосон зүйл гэж ойлгосон яриа явагдаж харагддаг, үгүй шүү. Хөгжилтэй орнууд, нийгмээ зөв бүтээн байгуулж, эерэг өөрчлөлт авч ирж чадаж байгаа орнууд энэ бүх онолын дагуу засаглалаа бэлтгэж, тэр дагуу дэс дарааллаар нь зөв төлөвлөж хэрэгжүүлдэг учраас л үр дүн гардаг. 
  • Хийж болохуйц: Ажлыг хэрэгжүүлэхэд хангалттай хэмжээний санхүү, хүн хүч, логистикийн нөөцүүдтэй байх хэрэгтэй. Хөтөлбөрийг амжилттай загварчлах, гүйцэтгэх, хянах, үнэлэх системийг цогцоор нь төлөвлөж, нөөцийн хүртээмжээ харгалзан, “Бид одоо хийж чадах зүйл мөн үү?” гэдгийг шийдэх нь байна. 
  • Дэмжиж болохуйц: Энд улс төр орж ирнэ. Эрх бүхий байгууллагууд, тухайлбал Ерөнхийлөгч, Сангийн Яам, нүүрэн талд төрийн үйлчилгээ үзүүлэгч агентлагууд, бусад хамааралтай талууд таны төлөвлөж байгаа бодлого эсвэл хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлүүлэх үү? 
Нууц 3. Явцаа хяна
Сайн хэрэгжүүлэгчийн хувьд сайн санаа гаргаж, сайхан төлөвлөгөө гаргачихаад орхиод байвал хэрэгжүүлэлтийн үр дүн хэзээ ч гарахгүй. Иймд, төлөвлөж эхлүүлсэн ажлынхаа явцыг үргэлж хянаж хэмжиж бай. Хийгдэж байгаа ажлууд таны хүсээд байгаа зүг чигт явж байна уу, хүссэн үр дүнг гаргаж чадахаар суурь тавигдаж байна уу? 
Ингэж явцаа байнга хянах нь хаана яваа, хэр хүчин чармайлт гарч байгаа, хугацаандаа амжих эсэх, явц дунд илэрч байгаа асуудал шийдэж болох нөхцөл нь юу вэ, юуг өөрчлөх вэ гэдгээ шийдэх боломжийг цаг алдалгүй өгдөг. 
Эхэлж байгаа учир таны хянах үнэлэх систем төгс сайн бэлтгэгдээгүй байж болно. Гэхдээ гол зорилгоо зүг чигийн баримжаа болгоод, явцаа хянаж байх нь ямагт зайлшгүй шаардлага. 
Суурь үнэлгээ хяналтыг цаг алдалгүй хийж явахгүй бол чухал шийдвэр гарахгүй цаг алдсан байх, том боломжийг бүхэлд нь алдсан байх ч тохиолдол бий. Бүхий л төсөл хөтөлбөр, хэрэгжүүлэх гэж байсан ажил чинь нуран унаж, зорилгоо хэрэгжүүлж чадахгүй болсоны дараа л юуг өөрөөр хийж болох байсан, юуг өөрчилж чадах байснаа ойлгох тохиолдол байдаг нь харамсалтай. 
Нууц 4. Хэрэгтэй үед нь өөрчил
Өөрт байгаа мэдээлэлдээ суурилаад боломжит хамгийн сайн шийдвэрийг гарга. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт бодлого болоод хөтөлбөрүүд өөрчлөлт шаардах л болно. 
Төрийн бодлого буюу олон нийтийн бодлогын салбарт ялангуяа тулгардаг бэрхшээл бол цаг хугацааны хязгаарлагдмал байдал. Үүнээс болж өөрчлөлтийг хангалттай бодож боловсруулах завдал гаралгүй, цаг хугацаанд баригдан ажиллах нь бий. Мөн хуучин зүйлийг өөрчлөхөд хүмүүс эсэргүүцэх байр суурь гаргах, ажлыг удаашруулж гацаах замаар хандлагын нөлөө үзүүлэх, шинэ эрсдэл үүсгэх нь бий. Тэр бүгдийн нюансыг олж, өгөгдсөн цаг хугацаа, нөөц боломж, хий чадах хүчин чадалдаа тохируулан зорилгод үйлчлэх ажлаа л авч үлдсээр байх нь өөрчлөлт шаардсан үед анхаарах бас нэгэн Алтан Гадас мэт зүг чигийн баримжаа. Өөрчилж байгаа нь тэр гээд үндсэн зорилгоосоо хазайгаад, амин сүнсийг нь тасдаж хаяад байвал ямар ч төсөл хөтөлбөр, хэрэгжүүлэлтийн ажил амжилт гаргахгүй. Олон тийш самгардан самардсаар байгаад хийж бүтээсэн ч юмгүй дуусах вий. 
Яг үнэндээ хэрэгжүүлэх явцад талуудаас ашиг сонирхлоо хамгаалсан олон янзын санал шүүмж гарна. Тэр бүгд бодлогын хөтөлбөрийг сайн болгох талаас биш, өөрийн эрх ашгийг хамгаалах санал гэдгийг ямагт сана. Тиймээс бодлого хэрэгжүүлэгчийн гол үүрэг бол тал бүрийн саналын шуурганд шидэгдээд, гол чигээ алдаад байх биш. Харин санал бүрээс Алтан Гадас мэт гол зорилгод нийцэх, хэрэгжүүлж болохуйц, дэмжиж болохуйц, ёс зүйн болон техникийн хувьд зөв тэр л саналуудыг шүүн авч, төсөлдөө шингээх, бусад хэрэггүй саналуудыг мөн няцааж чаддаг байх нь чухал. Ингэж гэмээнэ хөтөлбөрийн төгсгөлд бүх тал “Таныг нүдэнд харагдахуйц ажил хийж, үр дүн гаргасан” гэдгийг зөвшөөрдөг юм. Үнэндээ “Үг биш үйлдэл илүү тод дуугардаг”. 
Нууц 5. Хүрэх цэгийнхээ төлөө цуцашгүй гуйвшгүй яв
Төр улсын, олон түмэнд хүртээлтэй ажил хийнэ гэдэг нэгэн зэрэг урамтай сайхан бөгөөд аймаар хэцүү. Танд сайхан өдрүүд, муу өдрүүд ээлжлэн ирнэ. Муу өдрүүд ирвэл дараахыг санаарай: 
  • Хүрэх цэгтээ хүрэх ганц л зам бол зогсолтгүй урагшилсаар байх
  • Өдөрт нэг нэг ажлаар нь барьж авч хийж бай. Урт хугацааны төлөвлөгөө өдөр тутмын жижигчилсэн ажил болгон хувааж, багтаа өг. Хүн бүр өдөрт хийх зүйлээ л зогсоохгүй хийгээд байхад, та нарын гадуур тойрон яригдаж байгаа, нөлөөлж байгаа тэр бүх үзэл бодлуудын шуургыг үл харгалзан, ажил чинь бага багаар урагшилсаар л байх болно. Тэр бүрт танай ажил зорилгынхоо төлөө урагшилсаар байгаа гэж мэд. 
  • Төгс байлгах гэлгүйгээр ямархан боловч үйлдэл хийж байгаадаа л анхаар. Германы төрийн хүн Отто фон Бисмарк нэгэнтээ “Төрийн бодлого бол боломжтой, хүрч болохуйц зүйлсээр тоглох урлаг юм. Дараагийн шилдэгт хүрэх урлаг” гэж хэлсэн байдаг. Юу ч хийлгүй төгс төгөлдөрийг хүлээн сууснаас болхи ч гэсэн цагийн эрхэнд сайжирсаар байх тэр ажлаа л хийгээд л бай. 
За, эдгээр 5 нууцыг уншихад мэддэг зүйлс мэт байж болох ч ажил болгоод, ажлаа шүүн тунгаагаад, өөрөө шүүмжлээд харвал их зүйл сурч болохоор, их ажил сайжруулж болохоор зүйлс шүү. 
Бодлого тодорхойлох процесст хамгийн хэцүү нь “хэрэгжүүлэх” ажил нь байдаг юм шүү. Энэ үе шатанд багийн тоглолт, бусдад нөлөөлж чадах чадвар, бас үргэлжид тууштай, гуйвшгүй, мэдээлэлтэй, мэдлэгтэй, шийдэмгий байх нь чухал. 
Олон жижиг ажилд цаг, эрч хүчээ цаламдахын оронд өгөгдсөн хугацаандаа 2-3-хан гол зүйлийг л эцсийг нь үзтэл зөв хийн хэрэгжүүлж, үр дүнгээ гаргах нь бодит үр дүнгээ үлдээдгийг мөн санаарай. 
Б.Оюунтөгс
2024.07.08. 
Бусадтай хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд