ISO 37110:2022 Тогтвортой хот ба нийгмийн стандарт

Ухаалаг хот болон нийгмийг бүтээхэд шаардлагатай нээлттэй дата бааз бий болгох, менежмент хийх шаардлага, зөвлөмж бүхий энэ стандарт нь 2022 онд батлагдсан.

Нийтийн үйлчилгээний их хэмжээний дата мэдээллийг цуглуулж, боловсруулж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулах ажилд мэдээллийн ил тод байдал чухал. Өнөөдөр Улаанбаатарчууд бордюр солих ажилд зардал зарцуулах атлаа явган хүний замыг эвдээд орхисон тухай, бордюр нь эвдэрч байгаа тухай, мөн хотын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй зэрэгцэн замуудыг хааж, түгжрэл дээр нэрмээс болж буй асуудлыг шүүмжилж байна.

Тэгвэл тогтвортой хотын менежментийн нэгэн шаардлагыг энэ стандарт танилцуулахдаа, иргэний инженерингийн байгууламжуудад технологийн дэвшлийг ашиглаж буй эсэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхүйц зөв шийдвэр гарч буй эсэхийг нотлохын тулд тэдгээр шийдвэртэй холбоотой бүх мэдээлэл, дата, үндэслэл, судалгаа, төлөвлөгөөг энгийн иргэд, мэргэжлийн байгууллагууд, сонирхогч талуудад ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах шаардлагатайг онцолдог. Өөрөөр хэлбэл, цахим платформтой байх, түүнд цаг үеийн мэдээллүүдийг ил тод тавьж байх, шийдвэр гаргахаас өмнө судалгаа үндэслэлийг танилцуулдаг байх, төлөвлөгөө ба төсөвт иргэний нийгмийн байгууллагууд болон бусад сонирхсон хүн санал өгч болдог байх хэрэгтэй ажээ.

Төрийн байгууллагын зүгээс хадгалж буй дата, бүртгэл, IT систем нь иргэдэд үнэ төлбөргүйгээр харагддаг байх нь. Ухаалаг хотын менежментийн нэгэн бүрдэл болсон нээлттэй датабааз нь их хэмжээний датаг яг одоогийн цаг үеийн байдлаар шууд харуулж чаддаг байх, талууд нэвтэрч анализ хийж болдог байх, дүрсжүүлэн харуулж, хотын түгжрэл болон зам арчилгаа зэрэг иргэдэд өдөр тутам нөлөөлж байдаг асуудлуудын шийдлийг зөв цаг үед, зөв аргачлалаар гаргаж буй эсэхт хяналт тавих боломжтой байлгадаг байна. Ингэснээр төрөл бүрийн тооцооллын ухаалаг программуудаар аль замыг хаахад хаана ачаалал үүсэх, нийгмийн нэг асуудлыг шийдэх гээд нөгөөг нь дордуулж байгаа эсэхийг урьдчилан тооцоолох боломжтой.

ISO 37101 стандартын дагуу тогтвортой хот, ухаалаг нийгмийг бүрдүүлнэ гэдэг нь ийнхүү иргэд бүр, мэргэжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд ба оюутнууд гэхчлэн сонирхол ба хүч бүхий бүх тал хувь нэмрээ оруулж, ирэх жилүүдийн төлөвлөгөө төсвийг хэлэлцэж, хяналт тавьж болдог байхыг хэлнэ. Хариуцлагатай, ил тод, гамшигт тэсвэртэй, ухаалаг, тогтвортой бөгөөд хотын хөгжилд хэрэгтэй шийдлүүдийг боловсруулах, түүнд бизнесийн байгууллагуудыг оролцуулах нь иргэд өөрсдийн амьдардаг хотыг ухаалгаар хамтран удирдаж байгаа мэдрэмж, мэдээллийг өгөөд зогсохгүй, бодитоор удирдалцах боломж олгодог аж. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа дамжуулан хотын менежментээ хэрэгжүүлдэг манай улсын тогтолцоонд ч ашиглаж болох стандарт.

Энэхүү зурагт, менежментийн стандартын PDCA (Төлөвлө- Хий – Шалга – Сайжруул) циклээс Төлөвлөх болон Үнэлж сайжруулах ажил нь Стратегийн менежментийн бүрдэлд хамаарна, иймээс иргэд олон нийтийг оролцуулах, ил тод байлгах хэрэгтэйг харуулж байна. Харин Гүйцэтгэх баг нь Хэрэгжүүлэх – Чанарын менежмент хийх буюу чанарыг хянах – Чанартай гүйцэтгэл гаргах хэсгийг л хариуцдаг ажээ. Манай хотын менежмент энэ хэсэгт иргэд, олон нийтээ оролцуулдаггүй, стратеги шийдэлгүйгээр иргэдийнхээ сошиал давалгаанд хариу өгөх байдалтайгаар өдөр аргацаасан шийдвэр гаргадаг гэж шүүмжлэгддэг. Тэгвэл энэ нь иргэд “Урт хугацааны шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм биш үү, судалгаанд суурилсан стратеги гаргахгүй байгаа юм биш үү, биднээс яагаад санал авч оролцуулахгүй байна вэ, алдаатай төлөвлөгөө шиг харагдаад байна” гэсэн нөхцөл ажиглагдаад байгаагаа ил дүрслэн хэлж байгаа байх нь.

P (Plan – Төлөвлөх) – шатыг зөв хэрэгжүүлэхийн тулд стратеги төлөвлөлтийн процесс хэрэгжүүлэх, түүнд эцсийн хэрэглэгч буюу тухайн дүүрэг хороо хэсгийн оршин суугчид, замаар нь байнга дамжин өнгөрөгч хэрэглэгчид, олон салбарын харилцан ашиг сонирхол бүхий талууд, бие биендээ хяналт тавьж оршдог нийгмийн бүлгүүдийг оролцуулж, асуудал ба түүний шийдэлд санал зөвлөмж авдаг байх хэрэгтэй;

D (Do – Хийх) – шатанд урьдчилан тодорхойлсон зорилго, зорилтуудыг биелүүлэхийн тулд нээлттэй датаны төрөл, хэмжээ, байршил, хүртээмж ба хэрэглээг тодорхойлох, бэлтгэх, нийтлэх, засвар үйлчилгээ хийж байнгын ажиллагаатай байлгах ажлыг багтаана, энэ нь иргэдэд эргэлзээтэй бухимдалтай байдал үүсгэхээс сэргийлнэ;

C (Check – шалгах, хянах) – шатанд урьдчилан тодорхойлсон ажлын заавар, аргачлал, журам, хууль тогтоомжийн шаардлагууд ба гэрээний шаардлагын дагуу ажил явагдаж буй процесст хяналт тавьж, чанарын менежмент хэрэгжүүлэх буюу олон улсын чанарын стандартын дагуу ажиллах, олон талыг үүнд татан оролцуулах, мэдээллийг ил тод байлгах, хамтдаа үр дүнд чиглүүлэх боломж олгох;

A (Act – сайжруулах) – шатанд нээлттэй датанд анализ хийж, эдгээр бүхий л шатанд зорьсон дагуу мэдээлэл нээлттэй бөгөөд талуудыг оролцуулсан байж чадсан уу, дахин сайжруулах зүйлс илэрсэн бол төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт, тодотгол хийсэн үү, хийж хэрэгжүүлсэн ажил нь нийгмийн тухайн нэг асуудлаа шийдэж чадсан уу, үгүй бол ямар хүчин зүйлийг орхисон бэ, гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Үүнд суурилж, дата менежментээ сайжруулах болон гүйцэтгэлийн ажлыг удирдаж буй процессоо бүтнээр нь сайжруулах төлөвлөгөө гаргаж, ажлын арга барил, хугацаа, хариуцагч, журам стандарт болон бусад зүйлсийг өөрчилнө.

Санхүүгийн үйлчилгээнд хамааралтай дэд стандарт нь ISO/TR 21797:2019; Тогтвортой нийгмийг хөгжүүлэх стандарт нь ISO 37101 ба үүнд хөгжлийн менежментийн тогтолцооны шаардлага ба хэрэгжүүлэх заавар багтсан.

ISO 37110 стандартын 4-р бүлэгт нээлттэй датаны зорилго, шинж чанарыг танилцуулсан бол 5-р бүлэгт менежментийн ерөнхий модель, стратеги менежмент ба үйл ажиллагааны менежментийн загварыг танилцуулдаг.

Хотуудын менежментэд энэ стандартыг хэрэгжүүлэхийг шаардлага болгох хэрэгтэй болов уу. Олон улс даяар ухаалаг хотын менежмент, тогтвортой хотын менежмент, тогтвортой нийгмийн хөгжлийн менежментийг стандарт аргачлалын дагуу хэрэггжүүлж, үр дүнгээ хүртэж байна.

Бусадтай хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд