2024.12 сард хийсэн Нийтийн (Төрийн) бодлого, судалгаа хичээлийн даалгавар хийснээ оруулав. Бодлого боловсруулагчид нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн нэг салбарт дагнан судалгаа хийж, бодлого боловсруулж болдоггүй. Харин салбар дундын уялдааг хангасан байдлаар бүх талаас нь судлах шаардлагатай аж.
Үүний адилаар, бодлого боловсруулагч болон батлах эрх мэдэл бүхий талууд ялгаатай үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийн улмаас асуудлыг ялгаатай арга зүйгээр шийдэх хандлагатай байдаг. Тиймээс бодлогын судалгаа, бодлогын зөвлөмж нь үргэлж хувилбартай байх бөгөөд хамаарах талуудад мэдээлэл өгөхийн хамт өөрийн чиг баримжаагаа шийдвэрлэх сонголтыг өгөх хэрэгтэй юм байна.
Хялбаршуулсан байдлаар авч үзэхэд, хотуудын өвлийн агаарын бохирдол нь байгаль орчны асуудал боловч нөгөө талаар нийгмийн асуудал болох ядуурал, дэд бүтцийн болон эрчим хүч, хотын менежментийн салбарын төлөвлөлт хангамжийн асуудал, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нөлөөний улмаас эрүүл мэндийн салбарын асуудал байгаа юм. Цаашлаад энэ нь бодлого тодорхойлогчдын чадамж, боловсролын систем, олон улсын болон дотоодын байгууллагын судалгааны хараат бус бөгөөд үнэн шударга байсан эсэх, дата ба үр дүнг иргэдэд ил тод танилцуулах нийгмийн хариуцлагаа биелүүлсэн эсэх зэрэг асуудалд ч хамаарах бөгөөд товчоор илэрхийлбэл мэдээллийн хүртээмжтэй байдал, мэдээллийн үнэн зөв байдал, мэдээллийн аюулгүй байдлын (Мэдээллийн аюулгүй байдалд үүнийг CIA гэдэг) салбарыг ч хамаарна.
Менежментийн цогц системийн хувьд, бодлогын судалгаа хийж буй багууд нь Англи, Австрали, Герман зэрэг улсынхтай адилаар салбар дундын баг гарч, хамтран нухацтай судалж чаддаг уу, эрдэмтэн профессорууд болон энгийн иргэд, нөлөөлөлд өртөн хохирогч талуудын дуу хоолойг авч тусгасан уу, зэрэг асуудлыг ч хөндөхөд хүргэнэ.
Гэвч товчхон даалгавар хийсэн тул гол асуудалдаа төвлөрч, агаарын бохирдлыг бууруулах стратегийн шийдлийн сонголтын хувилбаруудыг харуулахаар оролдсон болно. Дараа дараагийн удаа дэлгэрүүлж, бусад асуудлыг судална.
Анхааран уншсанд баярлалаа.
Санал зөвлөмж байвал хуваалцаарай.