ISO 9001:2026 стандартын гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна

Та мэдсэн үү?

(Манай үйлчилгээг сонирхвол: Монгол дахь оффис https://tqcsi.mn/, Австрали оффис https://www.tqcsi.com/ сайтуудаар зочлоорой)

ISO 9001 стандарт шинэчлэгдэж байгаа. 2015 оны хувилбарт “Тогтвортой байдал, нийгмийн хариуцлага, эрсдэлийн менежмент, оролцогч талуудын менежмент”-н агуулгуудыг нэмж сайжруулж байгаа юм.

Шинэ хувилбар нь 2025 онд гарахаар хүлээгдэж байсан ч техникийн хорооноос 2026 он болгож хойшлуулсан байна. Байгууллагын менежмент, хэрэглэгчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны процесс менежментийн суурийг бэлтгэж өгдөг энэ стандартын шинэчлэлтэд олон нийтээс болон мэргэжлийн байгууллагуудаас хүлээснээс илүү олон санал өгч байгаа нь ч аргагүй биз ээ.

Дараах гол зүйлс шинэчлэлтэнд багтах юм:

– Дижитал хэрэглээг анхаарна:

Байгууллагууд цахим үйл ажиллагааг ихээр хэрэглэдэг болсон, энэ дагуу төрөл бүрийн ERP систем, программ хангамж хөгжүүлэлт хийж, хэрэглэгчдийн датаг цахимаар цуглуулдаг хадгалдаг хэрэглэдэг, мэдээлэл харилцаа холбоо ч мөн имэйлээс эхлээд цахимаар явагддаг болсон. Иймд, чанарын менежментэд -Хиймэл оюун ухааны хэрэглээ, кибер аюулгүй байдал, дата анализын хэрэгслүүд болон том датаны боловсруулалт, бүх төрлийн техник хангамж болон программ хангамжийн аюулгүй байдал”-ын асуудлыг нэгтгэх хэрэгтэй болсон.

Энэ нь ISO 9001 стандарт ISO 27000-н гэр бүл стандарттай нягт уялдана гэсэн үг.

– Тогтвортой хөгжилд төвлөрч байна.

Та бүхний мэдэж байгаачлан 2024 оны 2 сард ISO 9001, ISO 45001 гэхчлэн бүх менежментийн тогтолцооны стандартын 4.1, 4.2-р бүлэгт өөрчлөлт орж, “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлыг харгалзан үзэхийг шаардаж байсан. Үүний адилаар шинэчилсэн стандартад байгаль орчны үүрэг хариуцлага, нийгмийн хариуцлагын зорилтуудыг чухалчилж байна.

Ялангуяа байгаль экологид ул мөр үлдээдэг буюу бохирдуулдаг бүх түүхий эд материал, үйлдвэрлэлийн арга барил, техник технологийг анхаарч, бууруулахыг шаардаж байна. Цаашлаад дизайн зохион бүтээлт хийх шатанд “Эко дизайн”, “Аюулгүй дизайн” бүхий бүтээгдэхүүн үйлчилгээнд анхаарах шаардлага орж, “Тойрог эдийн засаг”-ийг дэмжинэ.

Түүнчлэн “Ёс зүй”-д ихээхэн анхаарал тавьж байна. Өөрөөр хэлбэл, бизнес нь, бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө ёс зүйтэй байх ёстой бөгөөд нийгмийн хөгжлийг сайн сайхан тал руу чиглүүлдэг байхыг дэмжиж байгаа юм. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохиролтой, нийгмийн сайн сайхан байдлын эсрэг үйл ажиллагаатай бол түүнийхээ концепцийг өөрчилж, эерэг хэрэглээ рүү хөтлөхийг “нийгмийн хариуцлага”, “нийгмийн ёс зүй”-н үүднээс байгууллага, ажил олгогчдод уриалж байгаа юм.

Энэ утгаараа “Байгаль орчин”, “Аюулгүй байдал”, “Тогтвортой байдал”-н бусад багц стандартыг хамтатган хэрэгжүүлэх нь байгууллагуудад чухалд тавигдана. Үнэндээ хүрээлж байгаа орчин, хэрэглэгч, иргэдээ боддоггүй бизнес хэрхэн чанартай гэгдэж, бизнес нь тогтвортой урт хугацаанд цэцэглэх билээ дээ.

– Эрсдэлийн менежментийг сайжруулахыг шаардана.

Кибер аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг хамруулан эрсдэлийн үнэлгээ хийдэг болох, ингэхдээ ийм асуудлыг илрүүлж чаддаг арга зүй хэрэглэн эрсдэлийн үнэлгээ хийдэг байхыг шаардаж эхэлнэ.

Эмзэг байдал гэдэг бол аюул заналхийлэл ирж үйлчлэхэд байгууллагыг болон түүний сонирхогч талуудыг “гэмтээх” боломжтой сул талыг хэлдэг. Тиймээс орон нутгийн иргэдийн орлогыг булаадаг, жижиг дунд бизнесүүдийг дампуурахад хүргэдэг бизнесүүд нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй болохоос гадна гол түүхий эд материал нийлүүлэгчид тань өсч хөгжиж чадаж байна уу гэдэгт анхаараарай, тэдний гүйцэтгэлийг өөрийнхтэйгөө хамт хянаж сайжруулж яваарай гэдэг агуулга нэмэгдэх юм.

Үнэндээ улс орныг томоохон корпорациуд өсөлтөнд хүргэдэг. Тэрний нууц нь тэдгээр байгууллагууд дотоод зах зээл дэх жижиг тоглогчдыг устгах биш, гадаад зах зээл рүү төвлөрч, жижиг нийлүүлэгчдээ чирэн хамтдаа экспортын бүтээгдэхүүн бүтээдэг, ингэснээрээ ажлын байрууд бий болгож, долларыг эх орондоо татдаг, инженерингийн инновацилаг хөгжүүлэлтийг дэмжиж, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг авч ирдэг. Тэр сайн жишгийг ISO 9001 өмнө нь заавар стандартуудаараа дурдаад өнгөрдөг, албан ёсоор шаардлага болгодоггүй байсан юм. Харин одоо шаардлага болгож байгаа нь бүх улс орныг үүнд анхааруулж, түлхэц өгөх юм.

Энэ стандартыг төрийн, төрийн бус гэхчлэн бүх төрлийн байгууллага нэвтрүүлдэг тул төрийн байгууллагын хувьд ийм байдлаар бизнесийн орчныг дэмжиж байгаа эсэхтээ анализ хийх, үндэсний томоохон байгууллагууд төрүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээтэй нь хамт гадаад зах зээлд гаргаж чадаж байгаа эсэх бодлогоо анхааран сайжруулахыг шаардана гэсэн үг.

– Сонирхогч талуудын менежментийг сайжруулна.

Чанарын менежментийн процесст өөр өөр талуудыг татан оролцуулах, байгууллагын ил тод байдал, засаглалыг сайжруулах, олон талын оролцоотойгоор менежментийг сайжруулдаг байхыг шаардана.

– Жижиг, дунд байгууллагуудад шаардлагыг хөнгөвчилнө.

Стандартыг хэрэгжүүлэх нь заримдаа бичил, жижиг, дунд байгууллагуудад нүсэрддэг, нөөц их шаарддаг. Тэгвэл шинэ хувилбар ISO 9001 стандарт үүнийг харгалзан шаардлагуудаас орхилт хийх, хялбарчлан ашиглах боломжийг түлхүү тусгана.

Нилээд сайжруулалт орсон, тэр нь орчин үеийн технологийн хөгжлийг бүрэн тусгаж чадахуйц болсон байгаад баяртай байна. Эдгээр нь одоохондоо шаардлага биш боловч, бидний хувьд TQCSI.Mongolia компаниараа аудит хийхдээ харилцагч бүртээ эдгээр асуудлыг “Тогтолцооны үр нөлөөтэй байдлыг сайжруулах хэрэгцээ” байдлаар илрүүлэн хэлж өгдөг зүйлс байна. Албан ёсоор шаардлага болж байгаа нь дэлхий даяарх олон олон байгууллагад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Холбоотой нийтлэлүүд