Миний тухай

Батбаатарын Оюунтөгс

Нийгэмдээ хувь нэмэр оруулдаг иргэн байх хүслээр, нийгэмд эерэг нөлөө авчрах салбаруудыг сонгон ажилладаг билээ. Дэлхий гэдэг гаригийн байгаль экологийг хамгаалах, хүн төрөлхтөний аюулгүй байдал болон түүнээс улбаалан үүсч буй орчин үеийн “мэдээллийн аюулгүй байдал”, “хүнсний аюулгүй байдал”, “хотын аюулгүй байдал”, “хөдөлмөрийн аюулгүй байдал” гэхчлэн олон олон чиглэлүүдийг нэгтгэн судалдаг салбар бол “Байгаль орчин, Нийгэм, Засаглал” (БОНЗ)-ын шинжлэх ухаан юм. Хүний бие толгойтой, хөл гартай, их биетэй байснаар бүтэн болдог шиг эх дэлхийдээ эрүүл энх амьдарч, ирээдүй үр хойчоо хохироолгүй оршин тогтнохын тулд хүн төрөлхтөнд байгалийн, нийгмийн, эдийн засгийн шинж ухаануудыг нэгтгэн менежмент хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Миний бие эдгээр чиглэлүүдийг нэгтгэдэг ISO-н олон улсын стандартууд болон БОНЗ-ын шинэ тутам арга аргачлалуудыг судалж, мэргэшин ажилладаг.

БОНЗ-н холбогдолтой хууль тогтоомж, олон улсын стандарт, үндэсний стандарт, бодлогын баримт бичиг, дүрэм журам, төрийн болон хувийн компаниудын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт, зөвлөгөө, аудитын чиглэлээр ажиллаж ирсэн. Одоогоор Австралийн TQCSI байгууллагын Мелбурн дахь оффисын Бүсийн менежер, Монгол дахь Бүсийн Захирал хийж байгаад, МУ-н Засгийн  Газрын бодлогын төслүүдэд ажиллаж эхлээд байна. Нийтийн удирдлага, иргэдийн аж амьдралыг тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглүүлэн сайжруулах бодлогын асуудлыг сонирхон судалдаг. 

Би ОХУ-н Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийг Эдийн засагч (Санхүү, Зээлийн менежмент) мэргэжлээр төгссөн, мастерын зэргээ Их Британийн Уэлс улс, Кардифф хот дахь Өмнөд Уэлсийн Их Сургуульд Аюулгүй Байдал, Эрүүл Мэнд, Байгаль Орчны менежментээр хамгаалсан. Одоо ШУТИС-н Төрийн Удирдлагын мэргэжлээр Докторант. ISO 9001 Чанар, ISO 14001 Байгаль орчин, ISO 45001 Аюулгүй байдал, эрүүл мэнд, ISO 26000 Нийгмийн хариуцлага, ISO 37001 Авлигын эсрэг менежмент, ISO 37301 Нийцлийн менежмент, ISO 37000 Засаглал, ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдал & ISO 22000 Хүнсний аюулгүй байдал, ISO 37110 Тогтвортой хот ба нийгэм, ISO 14019 Тогтвортой хөгжлийн менежмент, ISO 14020 Байгаль орчны мэдэгдэл ба тэмдэгжүүлэлт, ISO 31000 Эрсдэлийн менежмент, гэх зэрэг стандартуудаар мэргэшсэн. 

Хувь хүний хувьд, би хоёр хүүгийн ээж, сайхан ханийн эхнэр, тасралтгүй суралцагч 🙂

Аялах дуртай, хөгжим ба шатар сонирхдог. Сэтгэл зүй, астрологи, далд ухамсар ба сүнслэг хөгжлийн сэдвүүдийг сонирхдог. Йог, бясалгалд дуртай.

Менежментийн системийн чиглэлээр 10 жил зөвлөгөө, 5 жил хөндлөнгийн аудитын чиглэлд ажилласан. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад менежментийн оношилгоо хийх, тайлан зөвлөмжөөр дамжуулан засаглалыг нь бэхжүүлэх, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангуулахад тусалж дэмжиж ирсэн. Олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж, бодлогын судалгаа болон үнэлгээ, сайн туршлагыг хэрэгжүүлэх ажилд зөвлөгөө өгч байна. Монгол Улсын экспорт, хөгжлийн эдийн засаг, бүсчилсэн төлөвлөлт, иргэдийн аж амьдралын чанарыг дээшлүүлэх, хот байгуулалтын стандартыг сайжруулах болон засаглалын аливаа үл тохирлын суурь шалтгааныг олж илрүүлэх, сайжруулахад чиглүүлэх нь ажлын маань гол зорилго юм. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчноо хамгаалах, ажил сайжруулах аргачлалуудыг түгээх нь “цагаан мөртэй” ажил байдаг. 

Ямар ажил эрхэлж, хаана ажиллаж амьдарч байгаагаас үл хамааран хүмүүс бидний дотор сэтгэл зүйн хувьд хэн нэгэн бяцхан хүүхэд амьдарч байдаг бөгөөд бидний амьдралдаа гаргаж буй шийдвэр, үйлдэл, дадал зуршлуудын 95%-г тэр хүүхэд удирдаж байдаг гэвэл та итгэх үү? Тийм учраас ажлаа амжилттай хийхэд, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхэд, мөн өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүссэн амьдралын хэв маягаа бүтээж, ёс суртахуунтай иргэн, бодлого тодорхойлогч ба бодлогод нөлөөлөгч байхын тулд менежментийн салбарыг сонирхдог, судалдаг, энэ чиглэлээр ажилладаг болон менежментийг хэрэгжүүлдэг хэн бүхэн өөрийн дотоод дуу хоолойг ойлгохоос эхлэх нь зүйтэй. Ийм ч учраас Орос, Их Британи, Австрали, Монголд сурч, ажиллаж, амьдарсан багахан туршлагадаа үндэслэн, ялгаатай соёлуудын нөлөө болон хувь хүний хөгжлийг удирдах, түүний үр дүнг байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг байлгахын төлөө би энд мэдээлэл хуваалцах болно. Миний дотоод хүүхэд эх орондоо хувь нэмэр оруулахыг уриалан дууддаг юм. 

👶🏻👶🏻👦🏻🥰

Mom of 2 & wife of 1