Австралийн Мелбурн хотод UN Global Compact (UNGC) буюу НҮБ-н Глобал Компакт-с зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн ‘Урагш илүү хурдтайгаар’ (Forward Faster) форумд хамрагдсан юм. Миний хувьд тус байгууллагын Австрали дахь сүлжээнд бүртгэлтэй байдаг тул мэдээ мэдээлэл байнга авдаг. Завдал гарахгүй явсаар одоо л тус форумын тухай товч мэдээ бичих гэж байна. Форумын тухай товч видео эндээс үзээрэй: https://www.youtube.com/watch?v=F_4x5_5QC0s&t=14s
НҮБ-н Глобал Компакт нь бизнесийн байгууллагууд, томоохон компаниудыг тогтвортой байдлын стратегид нэгдэж, стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хүний эрх, нийгмийн сайн сайхан байдал, байгаль орчин болон цаг уурын өөрчлөлт, засаглал болон менежментийн системийн асуудлуудыг цогцоор тусгахыг уриалдаг. Улс орны Засгийн Газрууд тогтвртой хөгжлийн стратеги гаргасан ч бизнесийн салбар, хөрөнгө оруулагчид манлайлан оролцохгүйгээр эдийн засгийн эргэлтэнд байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг цогцоор оруулж, бүрэн дэмжиж чадахгүй учир чухал санаачлага байдаг.
Тиймээс энэ байгууллагын бүхий л үйл ажиллагаа нь дэлхийн томоохон корпораци, бизнесийн байгууллагуудын Гүйцэтгэх Захирлуудын санаачлага дэмжлэгээр хэрэгждэг бөгөөд форумд ч томоохон байгууллагуудын захирлууд илтгэл тавьж, оролцсон.
Илтгэлүүдийн товч бөгөөд чухал өнцгүүдээс хураангуйлбал:
1. UNGC Австрали дахь сүлжээний Гүйцэтгэх захирал, Кэйт Дундас:
– Засгийн Газар дангаараа тогтвортой хөгжлийн төлөө үр нөлөө авчирч чадахгүй.
– Иймд бизнесүүд нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтаараа хамтарч байж, хамтдаа хурдан үр дүнтэй ажиллана.
2. UNGC Австрали дахь сүлжээний ТУЗ-н дарга Фиона Рэйнолдс:
– Тогтвортой хөгжлийн зорилтуудыг сайхан уриа мэт ярих амархан ч бодит ажил болгохын тулд бодит нөхцөлөө мэдэрч, реалистик байх хэрэгтэй.
– Маш их ажлыг цогцоор, системтэйгээр хийж байж хүссэн үр дүндээ хүрнэ. Цаг хугацаа маш бага байна, дэлхийн дулаарал биднийг хүлээлгүй эрчимжиж байна.
3. Мелбурнийн Их Сургуулийн Тогтвортой Санхүүжилтын Хаб-н дарга Др.Ариана Диблэй:
– Академик салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар тогтвортой хөгжлийн санаачлагуудыг онолын үндэслэлтэйгээр, хэрэгжүүлэлтийн практикт гарахад бэлтгэсэн мэдлэг мэдээллээр хангаж, хамтран ажиллах хэрэгтэй.
– Аливаа өөрчлөлтийг эхлүүлэх болон амжилтанд хүртэл хийхийн тулд туршилтын ажлууд, судалгааны ажлууд чухал байдаг. Үүнд бизнесүүд хамтран ажиллах хэрэгтэй.
4. Австралийн Үндэсний Банкны Цаг Уурын Ахлах Мэргэжилтэн Жакилин Фокс:
– Корпорациуд урагшлах зорилготой байж, ЗГ-с баталж буй хөтөлбөр төслүүдийг дэмжиж оролцох хэрэгтэй.
– Зорилго зорилтоо тодорхойлох гэж буй ТУЗ-н дарга ба гишүүд хууль тогтоомжийн нийцлийг үнэлж, түүнийг хангуулах ажлыг бизнесийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон үйл ажиллагаандаа тогтмолжуулж хэвших нь зөв байдаг. Санхүүгийн зорилтоо анхаараад, байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг орхигдуулж болохгүй.
5. Мэтрикс Крэдит Партнерс-н Тогтвортой Санхүүжилтын хэлтсийн Хөрөнгө оруулалтын захирал Алисон Чан:
– Өөрчлөлтийг хийх баг хүчтэй байж гэмээнэ хамтдаа амжилтанд хүрнэ. Тиймээс зорилго зорилтоосоо эхлээд хийх гэж буй бүх ажлаа багийн гишүүн бүр бодолдоо, зүрхэндээ, сэтгэлдээ нэгэн хэмнэлээр ягштал ойлгож байх нь чухал. Ингэснээр тэдний өдөр бүрийн ажлын үр дүн чеклистгүйгээр гарна.
6. Интрэпид Трэйвэл -н Зорилгын Ерөнхий Менежер Сара Кинг:
– “Шударга ба сайн ажил” гэх ойлголт БОНЗ-н нэгэн шаардлага болоод буй. Энэ нь хуучны хөдөлмөрийн орчин нөхцөл, хөдөлмөрийн практик, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнд хэмээн ярьдаг сэдвийг өргөжүүлж, ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүн шударгаар хөдөлмөрийн хөлсөө авдаг байх, ажил нь аюулгүй эрүүл бөгөөд сэтгэл ханамжтай байх бүхий л нөхцөлийг хамруулж буй. Үүнийг бизнес эрхэлж буй бид маш сайн ойлгож, хэрэгжүүлж байх нь зүй.
– Үүнд нэгэн чухал ойлголт дэлхий даяар хүч түрэн, компанийн нийгмийн хариуцлагын үзүүлэл болоод байгаа нь “Амьдралд хүрэлцээтэй цалин хөлс”. Энэ нь хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр илэрхийлэгддэг байсан туршлагыг өөрчилж, хамгийн минимум шаардлагыг тогтоон бодлого барих биш, харин “Яаж иргэдээ ядуурлаас гаргаж, хангалттай хүн шиг амьдрахуйц нийгмийг бүтээх вэ?” гэдэгт төвлөрсөн, концепцийн шилжилт юм.
– Амьдралд хүрэлцэхүйц орлого, цалин хөлс гэдэг нь хүн орон гэртэй байх, өмсөх хувцас цаг агаарын онцлогт тохирон хүртээмжтэй байх, эрүүл амьдрах, дасгал хөдөлгөөн хийх, хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэх, хоол шим тэжээлээр дутагдахгүй байх, өвдвөл эмнэлгийн үйлчилгээ авч чаддаг байх, жилдээ гадаад дотоодоор аялдаг байх гэхчлэн хүн шиг сайхан амьдрахад хэрэг болдог тэдгээр бүх зардлыг цалин орлогоосоо санаа зовох зүйлгүй төлж чаддаг байх шалгуурыг тавьж байна.
– Ажилчиддаа амьдралд нь хүрэлцэхүйц цалин орлого өгдөг байхын тулд аж ахуйн нэгж байгууллагуудыг ЗГ нь мөн татварын бодлогоор дэмждэг систем хэрэгтэй.
7. GHD олон улсын байгууллагын Гүйцэтгэх Захирал Жим Гианнаполус, Хөтөлбөр ба Арилжааны Ахлах Аннэ-Марий Киркман:
– Цаг уурын өөрчлөлт ярьж байгаа үед усны аюулгүй байдал заавал яригдах сэдэв. Ус гэдэгт далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрөм, газрын гүний ус бүгд хамарна.
– Австрали Улс бол томоохон хотуудынхаа усны хангамжийг борооны ус, уулын ус, үерийн усыг хуримтлуулж, хиймэл нуур, резервуаруудаар дамжуулан хөдөө орон нутгийн малчид, газар тариаланчид болон хотын бүх бүсийг ундны цэвэр усаар хангадаг систем нэвтрүүлсэн дэлхийн цөөхөн улсын нэг. Энэ нь газрын гүний усаа хамгаалах, гадаргын усыг зөв зохистой удирдаж, иргэд болон мал амьтны ус ундааны хэрэглээг тогвортой хангах, цөлжилтөөс сэргийлж ногоон байгууламжууд ихээр бий болгох, тэдний усалгааны системийг шийдэх чухал алхам болдог.
8. Лореал группийн Гүйцэтгэх Захирал Алекс Дэвисон:
– Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал, хот байгуулалт, дэд бүтцийн менежмент, бизнесийн менежмент гэх бүхий л сэдэвт нийгмийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Жендерийн асуудлыг орхигдуулж болохгүй сэдэв.
– Эмэгтэй хүмүүсийг удирдах болон шийдвэр гаргах түвшинд ажиллуулах, эрэгтэй хүмүүст ч гэсэн салбар бүрт тэгш эрхтэй ажиллах боломж олгох, нийгмээс хувь хүний хүйсэнд оноон дүр хуваарилахгүй, ажиллаж болох салбар болоод сонгож болох мэргэжлийг нь гажуудуулан хүчирхийлэхгүй байх дээр бид бүгд анхаарч, хамтран ажиллах хэрэгтэй.
9. Принцесс Поли-н Нийгмийн хариуцлагын менежер Мадэлин Вотэрс:
– Цаг уурын өөрчлөлтийн эсрэг санаачлагууд нийгэмд маш хэрэгтэй, хамтдаа хурдтай урагшлах боломж өгч байгаа. Шийдлийг нэг тал гаргахаас илүү тал бүрийн байгууллагууд хамтран нэг цэгт уулзаж, асуудал ба шийдлийг хамтдаа хэлэлцэж тогтож байх нь иргэний нийгмийн нэгэн сайн жишиг. Бид энэ бүгдийн нэг хэсэг байж, идэвхитэй оролцохдоо бахархалтай байдаг.
10. Эм Си Ай Карбон байгууллагын Гүйцэтгэх захирал Маркус Дав:
– Хэрэв та одоо хүртэл өмнөхийн адил маягаар бизнесээ хийсээр байгаа бол та цаг уурын өөрчлөлтийн эсрэг ажлыг хойш татагч! Бид энд хамтдаа хичээж, ярилцаж, шийдлийг олж, байгаль орчноо хамгаалах гэж байхад та хуучин хэвээрээ л гэлдэрч байгаа бол та ажлыг хойш татаж, цаг алдалгүй эерэг өөрчлөлт авч ирэх ёстой бидний нийгмийн ажлыг гацаагч болчихоод байгаагаа ойлго.
11. ЛэндЛийз сангийн Тогтвортой байдлын группийн дарга Кэйт Харрис:
– Удирдлагын баг, ТУЗ, ажилтнуудыг үргэлж сургаж, дэмжиж байх шаардлагатай. Бүгдээрээ нэгэн ижил мэдээлэлтэй байснаар тэд санаачлага гаргаж, шинэ санаачлагыг дэмжиж, эх дэлхий болон иргэдийн сайн сайхны төлөөх сэтгэл зүрхээрээ ажиллаж эхэлдэг.
– Тавьсан зорилтдоо яг таг хүрч байгаа эсэх нь чухал биш, эхлэлийн энэ цэгт та байрнаасаа хөдөлж, ажлыг эхлүүлж байгаа нь сайн юм. Хичээгээд байвал цаашдаа үр дүн гаргаж чаддаг болно.
‘Их ажил хийж, тогтвортой байдлын төлөөх ажилд нэгдэж буй байгууллагуудаа ихэд талархал дэвшүүлж байна. Хараахан нэгдэж амжаагүй бизнесийн удирдлага та бүхнийг та яг одоо нэгдээрэй гэж хэлье!’ гэсэн хаалтын үгээр арга хэмжээ өндөрлөсөн юм.
Хэрэгтэй сэдвүүд хөндсөн гэж найдаж байна.